Нийтэлсэн: 2017 он 03 сар 28. 16 цаг 02 минут

Үндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2017 оны 3 сарын 28-29 хооронд “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг зохион байгуулж байна.

Тус семинарт ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн статистикийн ажилтан Титэ Хабияакарэ, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа, шинжээч Д.Анхзаяа нар Хөдөлмөрийн статистикийн шинэ стандарт, түүнийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар илтгэл тавьсан бөгөөд семинарт ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга Д.Оюунчимэг, ОУХБ-ын Монгол Улсын төслийн үндэсний менежер А.Лхагвадэмбэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Үндэсний хөгжлийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо болон их, дээд сургуулиудын холбогдох хүмүүс оролцож санал, бодлоо солилцож байна.

Энэхүү семинарын гол зорилго нь “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал"-ыг боловсруулахад хамтран ажиллах үндэсний оролцогч талуудад Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандартыг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл үйл ажиллагаа, анхаарах асуудлуудыг хэлэлцэх явдал байлаа. Шинэ стандартыг нэвтрүүлснээр, Хөдөлмөрийн зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед нөхцөл байдлыг үнэлэх нь Монгол Улсын хөдөлмөрийн статистикт гарах нэгэн дэвшил юм. Мөн 19-р бага хурлын шинэ стандартыг мөрдсөнөөр хөдөлмөрийн зах зээлийн тухай илүү нарийн мэдээлэл авч, ажиллах хүчний дутуу ашиглалтыг бүрэн харуулах боломж бий болж, ажилгүйдлийн түвшнээс гадна шинээр 3 түвшнийг тооцох бололцоотой болох юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :