Нийтэлсэн: 2017 он 05 сар 08. 17 цаг 50 минут

Үндэсний статистикийн хороонд “Өгөгдлийн шинжлэх ухаан” сургалт эхэллээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо Монголын Маркетингийн судалгааны ассоциацитай хамтран ажиллах хүрээнд АНУ-ын New Jersey мужийн Rutgers-ийн Их сургуулийн өгөгдлийн шинжээч доктор, профессор Ryan Womack дээрх сургалтыг явуулж байна. Гол зорилго нь тоон мэдээллийг дүрсжүүлэх, визуал дүрслэл хийх, R тусгай программыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл олгох юм. Сургалтад Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүдээс гадна яам, агентлагийн статистик мэдээлэл хариуцсан 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна. Энэ удаагийн сургалт нь судалгаа хийх, тоон мэдээллээ дүрсжүүлэх зэрэг статистик руу чиглэсэн анхны сургалт болж буйгаар онцлог, давуу талтай.

Сургалтын үеэр Rutgers-ийн их сургуулийн өгөгдлийн шинжээч доктор, профессор Ryan Womack-аас сургалтын талаар болон улс орны тоон мэдээлэл дамжуулж буй арга хэлбэр, цаашдын чиг хандлагын талаар тодруулахад “Хоёр өдрийн сургалтаар их хэмжээний өгөгдлийг хэрхэн боловсруулж олон нийтэд хэрхэн хүргэх талаар анхан шатны мэдээлэл олгоно. Мөн R программ дээр хэрхэн ажиллах талаар дадлага хийнэ. Гаднын улс орны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд өгөгдлийн шинжлэх ухааны аргыг аль хэдийн ашиглаад эхэлсэн. Тиймээс та, бид ч энэ чиг хандлагыг одооноос судалж, нэвтрүүлж, мэдээллийн шинэ хэлбэрээс хоцрохгүй алхах ёстой. Цаашдын чиг хандлага нь дата, өгөгдөлтэй ажиллах, иргэдийн хүссэн мэдээллээ харах боломжийг олгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нийт дата мэдээллээс өөрийн хүссэн хэсэг мэдээллийг салгаж харах хялбар боломжийг олгох чиглэлээр ажиллах нь чухал. Нөгөө талаас өгөгдлийг тайлж уншиж чаддаг хүн ирээдүйд ажилтай байх болно. Өгөгдлийн шинжлэх ухааныг статистикт ашиглах нь олон талын ач холбогдолтой” гэв.

Их өгөгдөл буюу Big data гэдэг нь их мэдээлэл гэсэн үг. Тодруулбал, технологи хөгжихийн хэрээр хүнээс шалтгаалахгүй их хэмжээний мэдээлэл бий болж байдаг аж. Тухайлбал, сансрын хиймэл дагуул байнга зураг авч зурган дата үүсгэж байдаг. Энэ мэтээр бидний судалж, мэдэх гэсэн тоон мэдээлэл хаа нэгтээ аль хэдийн үүсчихсэн байдаг аж. Тэдгээр мэдээллээс хэрэгтэйг нь авч боловсруулснаар цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой. Тиймээс орчин үеийн статистикийн салбар Big Data-г ашиглаж мэдээлэл олж авах чиглэл рүү анхаарлаа хандуулаад байгаа аж. Харин Open data нь мэдээллийг бусдад нээлттэй болгох хэлбэр. Мөн хэрхэн статистик мэдээллийг дүрсжүүлж хэрэглэгчдэд хүргэх нь чухал юм. “Өгөгдлийн шинжлэх ухаан” сургалт маргааш үргэлжилнэ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :