Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 14 цаг 35 минут

“Монгол Улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ” хэлэлцүүлэг болж байна. Тодруулбал, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хэрэгжүүлж буй  Олон улсын стратегийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийг сайжруулах зорилго бүхий Олон улсын стратегийг 2016 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй хөдөөгийн статистикийн үнэлгээг хэлэлцэхээс гадна цаашид хийх ажлын чиглэлээ баталгаажуулах юм.

Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Олон улсын зөвлөх манай улсад ажиллаж хөдөөгийн статистикт үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд таван чиглэлээр хамтарч ажиллах нь чухал гэж үзсэн. Тухайлбал, сүүний үйлдвэрлэлийн тооцоог таван жилд нэг удаа хийдэг байсныг жил бүр болгож сүүний гарцыг тодорхойлох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн өртгийн тооцоог гаргах, хүнсний аюулгүй байдлыг тооцох зэрэг судалгаа хийх шаардлага гарч байна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн статистик мэдээлэл гаргахдаа зөвхөн манай хороо биш холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллах нь чухал. Ингэснээр мэдээллийн давхардалт, зөрүү нь хаана гарч байгааг мэдэх боломжтой. Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбараар нэрлэсэн. Тиймээс зөв тооцоо, судалгаа, мэдээлэлд тулгуурлан бодлогоо тодорхойлохгүй бол хэрэгжилтэд нь нөлөөлнө” гэв. Энэ мэт өнөөдрийн хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн статистикийг хэрхэн сайжруулах, цаашдаа ямар ажил хийх зэргийг салбар, байгууллагын төлөөллүүд хэлэлцэж баталгаажуулна.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон Далайн бүсийн зохицуулагч н.Аллан Николс, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Улсын их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үндэсний хөгжлийн хороо, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын хүнс, хөдөө, аж ахуйн үндэсний ассоциаци, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Эдийн засгийн хөгжил, сургалт судалгааны төвийн төлөөлөл  оролцож байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :