Нийтэлсэн: 2017 он 05 сар 18. 13 цаг 05 минут

Үндэсний Статистикийн Хороо нь Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцаатайгаар "Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулах чадавхыг бэхжүүлэх нь" ТА 9043-МОН төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг нь "Эрчим хүчний данс"-ыг байгуулах. Үүний тулд уг дансыг байгуулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах судалгааг энэ сарын 22-ноос 6 дугаар сарын 15-нд улс даяар зохион байгуулах юм. Эрчим хүчний дансыг байгуулснаар эрчим хүчний нөөц, ашиглалтыг эрчим хүчний бүтээгдэхүүний төрлөөр хянахаас гадна эрчим хүчний багтаамж, түүний үр ашиг, бүтээмжийн үзүүлэлтүүдийг тооцох боломжтой болно. Судалгаагаар 3000 орчим аж ахуйн нэгж байгууллагаас мэдээлэл цуглуулах бөгөөд аймаг, нийслэл, дүүргээс 160 орчим тоологчийг сургалтад хамруулж байна.

Сургалтыг Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нээсэн бөгөөд тэрбээр “Сүүлийн жилүүдэд статистик мэдээллийн эрэлт, хэрэгцээ өсөж байгаа. Үүнийг дагаад одоо хийж байгаагаас илүү олон салбар чиглэлийн судалгаа хийх шаардлага тулгарч байна. Аливаа бодлого шийдвэрийг нотолгоонд суурилж гаргадаг бөгөөд суурь нөхцөл нь статистик болдог. Үндэсний статистикийн хорооноос 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулахтай холбоотой мэдээллийн эх үүсвэр бий болгох талаар тусгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор "Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ-2015, 2016" судалгааны ахлагч, тоологчдод сургалт явуулж байна. Цаашдаа энэ нь Монгол Улсын байгаль орчин, эрчим хүч, ногоон хөгжил, тогтвортой хөгжил зэрэг томоохон баримт бичгүүдийн шалгуур үзүүлэлт болно” гэв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :