Нийтэлсэн: 2017 он 07 сар 05. 21 цаг 10 минут

“Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030” семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Семинарт манай улсын бүх яамд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг бүх салбарын төлөөллүүд оролцож буйгаар өргөн цар хүрээтэй болж байна. Үүнээс гадна “XXI зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” буюу “PARIS 21” байгууллагын бүсийн хөтөлбөр зохицуулагч, хадагтай Милисент Гей Тежада оролцож буй. Тэрбээр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзаж, статистикийн салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-“Парис 21” байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юү?

-“Парис 21” байгууллага нь “XXI зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” гэсэн утгатай. Манай байгууллага 2000 оны эхэн үед байгуулагдсан олон улсын хамтын ажиллагааны байгууллагын нэгээхэн хэсэг. “Мянганы хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтийг хангахад статистикийн байгууллагуудын “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг бий болгох, хэрэгжилтийг нь дэмжих зорилготой байгуулагдсан. “Парис 21” байгууллагын гол үүрэг “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг үндэсний хэмжээнд  хэрэгжүүлэхэд статистикийн байгууллагад ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатайг олж харах хэрэгцээ шаардлагыг нь дэмжиж ажиллах юм.

-Өнөөдөр манай улсад болж байгаа “Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030” семинар, сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юү, та хоёр дахь өдрөө оролцоход юу анзаарагдав, таны сонирхлыг татсан асуудал байсан уу?

-Дэлхий нийтээр дагаж, мөрдөж, хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр нь хэрхэн нийцэж байгаа, ямар саад бэрхшээл, ямар дүгнэлт өгөх боломжтойг харахаар ҮСХ, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтын үеэр Монгол Улсын статистикийн системд холбоотой, хамааралтай салбар бүрийг оролцуулсан. Ингэснээр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хангахад ямар мэдээлэл нь байгаа, ямар нь байхгүй байгаа зэргийг олон талаас нь харж тодорхойлох юм. Мөн статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөрийг бусад байгууллагад танилцуулж хэн, ямар үүрэгтэй оролцож буй, 2019 онд дэлхий нийтэд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын талаар хэрхэн тайлагнахаа ярилцана.

-Манайхаас гадна цөөнгүй улс оронтой хамтарч ажилладаг байх. Таны харж буйгаар тэдгээр улстай харьцуулахад манай статистикийн байгууллагын хөгжил хаана явна вэ?

-Монгол Улсын статистикийн хөгжил чамлахааргүй сайн. Учир нь зарим улс орон Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг хангахад ямар төрлийн тоон мэдээлэл хэрэгтэй гэдгийг дөнгөж үнэлж эхэлж байна. Харин танайх сүүлийн жил гаруй хугацаанд хэрэгцээтэй гэж үзсэн мэдээллийн нөөцөө бүрдүүлж аль хэдийн үнэлгээгээ өгчихсөн байна. Үүнээс “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Азийн улс орнууд дотроо тэргүүлэгчийн эгнээнд явж буйг харж байна.

Монгол Улсын статистикийн байгууллага тоон мэдээллүүдээ бодлогын баримт бичигтэй уялдуулсан нь давуу тал. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг хангахад шаардлагатай мэдээлэл нь ийм, ийм байна гэсэн хэр нь түүнийгээ бодлогын баримт бичигтээ тусгаагүй улс орон байна. Түүнээс гадна Үндэсний статистикийн хороо тэргүүлэгч байр суурь эзэлж, манлайлагчийн үүргийг хүлээж чадаж байна гэж харсан. Тодруулбал, Монгол Улсын томоохон байгууллага болон гаднын байгууллагуудтай хамтарч бодлого, хэрэгжилтийн түвшинд өөрийн гэсэн байр суурь, үүрэгтэй оролцож байгаа нь үүнийг илтгэж байна.

-Манай улсын статистикийн салбарыг чамлахааргүй сайн гэлээ. Тэгвэл үйл ажиллагаагаа үүнээс илүү сайжруулахын тулд эхний ээлжид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байна вэ?

-Үндэсний статистикийн хороо төр засгийн болон бусад байгууллагын, түншлэгчдийн, олон улсын байгууллагын дэмжлэгийг үргэлжлүүлэн, өргөжүүлэх нь статистикийн салбарыг улам бэхжүүлнэ. Статистикийг хөгжүүлэх гол хөдөлгүүр нь олон улсын түншлэл. Үүнийг танай байгууллага ч сайн ашиглаж байгаа. Цаашдаа цар хүрээгээ тэлэх нь чухал.

-Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин хэр санагдав?

-Монгол Улсын төр засгийн зүгээс статистикийн хууль эрх зүйн орчныг Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангахад шаардагдах хэлбэрээр шинэчлэх, тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.

-Гаднын улс, орны статистикийн байгууллагатай хамтран ажиллахад тулгарч байсан бэрхшээл болон түүнийг шийдвэрлэсэн арга зам, жишээнээс сонирхуулахгүй юү?

-Дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг үндэсний онцлогтоо тохируулан хэрэгжүүлэхэд, зорилтоо тодорхойлох, түүнд ямар үзүүлэлт шаардлагатай, юунд анхаарах зэрэг нь миний ажиллаж байсан улс орны хамгийн том бэрхшээл байсан. Учир нь, зарим улс үүнийгээ тодорхойлж чадахгүй байсан. Харин сайн жишээ олон байна. Тухайлбал, Малайз улсын статистикийн байгууллагыг төр, засгаас нь дэмжиж ажилласан нь ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн. Наад зах нь тоон мэдээлэлгүйгээр улсынхаа зорилтыг тодорхойлж, бодлого, шийдвэр гаргахгүй, хэрэгжилтэд нь мониторинг хийж болохгүй гэдгээ маш сайн ойлгосон байсан. Хэрэглэгч талаасаа ч статистикийн мэдээллийн эрэлт өндөр болсон. Эдгээрээс харахад статистикийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд ойлгуулах, тоон мэдээллийн эрэлт бий болгох нь чухал асуудлын нэг.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :