Нийтэлсэн: 2017 он 08 сар 03. 12 цаг 06 минут

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Т.Алтанцэцэг нар Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногтой холбоотойгоор  VTV телевизийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Үндэсний статистикийн хороо “Хүүхэд хөгжил” судалгааг 1995 оноос эхлэн 5 жилд нэг удаа хийж эхэлсэн бөгөөд 2013 онд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаатай нэгтгэж явуулсан байдаг. Дараагийн судалгааны дүн 2018 онд гарах юм. Одоогоор судалгааны бэлтгэл ажил явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Т.Алтанцэцэгийн ярианаас товчхон хүргэе.

А.Ариунзаяа: Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа бүхий л тоон мэдээллийг Статистикийн тухай хуулийн дагуу гаргадаг. Статистикийн мэдээллийг олон нийт, хэрэглэгчдэд хүргэх, бодлого шийдвэр гаргагчид бодит тооцоо судалгаанд үндэслэж байгаасай гэсэн үүднээс  сургалт, олон нийтэд хүргэх талдээр түлхүү анхаарал хандуулж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ тал дээр анхаарч ажиллана. Мэргэжлийн байгууллагын хувьд манай хорооноос гаргаж байгаа тоон мэдээллийг олон улсын арга, аргачлалаар тооцож гаргадаг учраас мэдээллийн чанарт эргэлзэхгүй байж болно. Зөвхөн түүнийг олон нийтэд хэрхэн энгийнээр хүргэх дээр анхаарах нь чухал болоод байна. Статистикийг зөвхөн мэргэжлийн хүмүүс биш иргэд ч гэсэн өөрийнхөө амьдралд ямар нэг шийдвэр гаргахдаа ашиглах боломжтой. Түүний тулд тоог хэрхэн хялбар аргаар хүргэх тал дээр анхаарч байна.

Т.Алтанцэцэг: “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног” аяны хүрээнд манай улс ч бас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үндэсний статистикийн хорооноос хүүхэдтэй холбоотой тоон мэдээлэл гаргахаар “Хүүхэд хөгжил” судалгааг таван жилд нэг удаа явуулдаг. Мөн “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа” ч бий. 2013 онд дээрх хоёр судалгааг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” нэртэйгээр явуулсан байгаа. Дараагийн судалгааг 2018 онд хийхээр бэлтгэл ажил хийж байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор амлуулах, 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, 2 нас хүртэл үргэлжүүлэх эхийн сүүгээр хооллохыг зөвлөмж болгодог. Манай улсын хувьд эдгээр үзүүлэлт 2013 оны байдлаар эрт амлуулалт 71.4 хувь, эхийн сүүгээр дагнан хооллолт  47.1 хувь, 1 нас хүртэл эхийн сүүгээр хооллолт 82.5 хувь 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллолт 52.9 хувь гарсан байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :