Нийтэлсэн: 2017 он 09 сар 05. 17 цаг 26 минут

Нүүрэндээ шингэн инээмсэглэл тодруулсан шавилхан бүсгүйг Т.Бямбасүрэн гэдэг. Саяхан Энэтхэгт Олон улсын статистикийн боловсролын төвийн сургалтад 10 сар хамрагдаад ирсэн. Түүнийг онцолсны учир Их сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр өвдсөний улмаас эзэмшсэн мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаагүй ч урдаа тавьсан зорилгодоо үнэнч байж, өөрийн хөдөлмөрөөр урагшаа алхаж яваа залуу статистикчдын нэг. Одоо тэрбээр Дундговь аймгийн статистикийн хэлтэст статистикчаар ажилладаг. 93 жилийн түүхтэй Монгол Улсын статистикийн байгууллагын залуу боловсон хүчний нэг гэж хэлж болно. Түүний аав Д.Тэрбиш статистикийн салбарт тэтгэвэрт гартлаа ажилласан нэгэн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та саяхан Энэтхэгт статистикийн сургалтад хамрагдаад ирсэн. Явсан газрын сонин хачин, сургалтын талаар ярилцлагаа эхэлье?

-Тийм ээ. Статистикийн байгууллагаа төлөөлж, өөр бусад улс орны статистикийн мэргэжилтнүүдтэй нэг дор 10 сарын хугацаанд сургалтад хамрагдаад ирлээ. Энэ сургалтаас олон шинэ зүйл сурч бас туршлага солилцсон. Одоо шинээр сурч мэдсэнээ ажилдаа хэрэгжүүлэх, бусадтай хуваалцах зэрэг бодож, төлөвлөсөн зүйлс болон хийх ажил маш их байна.

-Статистикийн салбарт ороход танд юу нөлөөлсөн бэ. Өөрийн сонирхлоороо орсон уу гэр бүлийнхэн нөлөөлсөн үү. Таны аав аймгийнхаа статистикийн хэлтэст тэтгэвэрт гартлаа ажилласан гэж сонссон. Магадгүй энэ нөлөөлсөн үү?

-Их сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгсөөд эрүүл мэндийн шалтгаанаар 7-8 жил ажиллаж чадаагүй. Тиймээс анх судалгаа хийхээр гэрээтээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оноос мэргэжилтнээр ажиллаж байна. Манай аав Д.Тэрбиш гэж хүн бий. 1990 оноос өмнө төлөвлөгөөний хэлтэс гэж байхад тус хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэрт гартлаа аймгийн статистикийн даргаар ажилласан. Багаасаа аавыгаа дагаж ажил дээр нь очих, хүүхдийн баярын бэлэг авахаас эхлээд энэ салбар надад их ойр юм шиг санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа ч тооны хичээлдээ илүү дуртай байсан. Ахлах сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, авсан анги маань эдийн засагч мэргэжил. Цаанаасаа л аавынхаа мэргэжлийг эзэмших ёстой байж дээ гэж бодогддог юм. Сая 10 сарын хугацаатай Энэтхэгт мэргэжлийн сургалтад хамрагдаад ирсэн маань энэ салбар надад илүү ойр гэдгийг бүр илүү баталсан.

-Сургалтад хэрхэн хамрагдсан, 10 сарын турш өөр улс орны мэргэжил нэгтнүүдтэй сургалтад хамрагдахад хэр байв. Тухайн улс орныг төлөөлсөн статистикчид болохоор ажлын талбарт ямар нэг ялгаатай болоод ижил төстэй зүйл анзаарагдсан байх?

-Сургалтад явахаас жилийн өмнө явах хүсэлтэй байсан ч ажилласан жил хүрэлцээгүй. Тиймээс нэг жил өнжиж дараа жилийг нь хүлээсэн. Аймгаас нэрээ өгч цахимаар анкетаа бүртгүүлээд ирж ярилцлагад орж тэнцсэн хариу аваад явсан даа. 2016 он тоон мэдээллийн суурь он байсан тул сар жил тутмын тоон мэдээллээс гадна таван жил тутам явуулдаг судалгаа, тооллогууд явагдаад үнэнийг хэлэхэд зав маш бага байсан. Гэсэн ч амралтын өдрөөрөө ажиллаж, сургалтдаа бүртгүүлж,  хотод ирж ярилцлагад орохын хажуугаар ажил ихтэй байсан ч амжуулаад явахаар болсон юм. Хүн хийе, бүтээе гэвэл юуг ч амжуулж болно. Монгол Улсаас ганцаараа очсон болохоор би илүү их хичээсэн. Учир нь намайг Тэрбишийн Бямбасүрэн гэж харахаас илүү Монгол Улс, Монгол Улсын статистикийн газар гэж харж байсан.

-Статистикийн сургалтаас өөрийн улсын статистикийн салбарыг хэрхэн дүгнэв?

-Статистикийн боловсролыг цогцоор нь олгох сургалт учраас онолоос нь эхлээд дэлгэрэнгүй заасан. Энэ хугацаанд хэдийгээр би эдийн засагч ч гэсэн статистикийн шинжлэх ухаан тусдаа маш том сэдэв болохыг хувь хүний үүднээс урьд урьдынхаасаа илүү ойлгосон. Надтай хамт 15 орны 28 оюутан суралцаж хоорондоо ажлынхаа талаар ярилцдаг байлаа. Манай улсын статистикийн систем цомхон хэрнээ онол, суурь нь олон улсын жишигт нийцсэн зөв тавигдсан байна гэдгийг сургалтын хугацаанд харсан. Цөөхөн хүн амтай тул статистикийн салбартаа хаанаас ч хоцрохгүй хурдан алхах боломжтой нь манай улсын давуу тал. Надад ч бас давуу тал байсны нэг нь статистик мэдээллийн бүх салбарын төсөөлөл. Учир нь аймгийн статистикийн хэлтэст нэг л салбарыг дагнаж ажиллах бус бүх салбарын тоон мэдээлэл гаргахад оролцдог. Тодруулбал, анхан шатны мэдээллээ хэрхэн цуглуулдаг, ямар арга, аргачлалаар хэрхэн ажлаа хийдэг зэргээр практик дээр хийсэн ажлаа хэлэхэд бусад орны статистикчид сонирхож байсан.

-Статистикийн тоон мэдээлэл гаргахдаа анхаарах, бусдаас суралцах, бусдад үлгэр дуурайл болох зэрэг олон жишээ байсан байх?

-Манай улс 2016 оны тооллогоор аж ахуйн нэгжийн тооллогыг уламжлалт аргаар болон онлайнаар тооцсон. Тодруулбал, Татварын Ерөнхий газартай хамтарч ажилласан. Тус байгууллагын сайтад “Үндэсний статистикийн хорооноос явуулж буй аж ахуйн нэгжийн тооллогод хамрагдсаны дараа тайлангаа өгнө үү” гэсэн постер байрлуулсан нь үр дүнтэй болсон. Энэ талаар хэлэхэд хэрэгжүүлж эхлээгүй улс орны статистикчид ихээхэн олзуурхаж, санал бодлоо хуваалцсан. Энэ мэтээр манайх ийм ийм зүйл хийсэн, туршсан, үр дүн нь ийм гарсан зэргээр Үндэсний статистикийн хороо, аймгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаанаас танилцуулах, хэлэх үгтэй байгаагаараа бахархаж байсан.

-Манайд статистикийн салбарын үйл ажиллагаагаар бусад улс орноос ялгарах онцлог, давуу тал байсан уу?

-Цөөн хүн амтай тул үнэн бодитой мэдээлэл гаргахад илүү ойр зэргээс эхлээд эерэг тал цөөнгүй бий. Намайг сурах хугацаанд www.1212.mn Мэдээллийн нэгдсэн сан маш их хэрэг болсон. Учир нь 10 сарын сургалтаа төгсөхдөө дипломтой ижил зүйл бичдэг юм. Үүнд шаардлагатай тоон мэдээллээ цахимаар ороод авчхаж байсан. Харин бусад орны статистикчид ихэнх нь мэдээллээ шууд авч чадахгүй байгууллага руугаа залгаж байсан шүү.

-Манай улсын статистикийн салбарын давуу талыг голчлон ярилаа. Тэгвэл эсрэгээрээ сул тал нь юу байна вэ. Энэ талаар өөрийнхөөрөө илэрхийлэхгүй юү?

-Тоон мэдээллээ анхан шатны мэдээлэлд тулгуурлан гаргадгаараа давуу. Гэхдээ хэрэглээ талаасаа дутмаг юм уу гэж харсан. Учир нь хангалттай тоон мэдээллийг нь гаргачихсан байхад түүнийг ойлгож, хүлээж авах хөрс муу юм шиг санагдсан. Нэг талаар улс төржилт ихтэй учраас бусад байгууллагынхаа үйл ажиллагаа, гаргасан мэдээллийг үгүйсгэх шалтгаан болоод байх шиг. Энэтхэгт иргэд нь статистикийн байгууллагаас гаргасан бүх мэдээллийг хүлээн зөвшөөрдөг. Статистикийн байгууллагаа өндөр түвшинд хөгжүүлсэн, өөрийн гэсэн яамтай. Өнөөдөр биднийг Энэтхэгт статистикийн сургалтад хамруулж байгаа нь статистикийн салбар нь жуулчдыг татах, орлого олох нэг арга хэрэгсэл болчихсон байна. Төрийн бодлогоор сайн дэмждэг учраас иргэд нь ч хүлээн зөвшөөрчихсөн.

 -Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Залууст боломжийг үргэлж эрж хайж, бүү алдаасай гэж хэлмээр байна. Сургалтад хамрагдаад статистикийн онолын мэдлэгийг авахаас илүү англи хэлээ сайжруулах боломжтой. Мөн гэрээсээ хол өөр орчинд амьдрахаар хүн өмнө нь хийж байсан зүйлээ ч бас өөр өнцгөөс харах олон давуу талыг өөртөө бий болгодог юм байна. Би өөрөө амьд жишээ болчихлоо шүү дээ. Яг одоо гэхэд цаашдаа англи хэлээ мартахгүйн тулд өдөр бүр хэрэглээндээ хэрхэн ашиглах талаар бодож эхэлнэ. Энэ мэтээр өөрийгөө голохгүй бүх боломжийг ашиглах, хэрэгтэй.

Ц.Баасансүрэн



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :