Нийтэлсэн: 2017 он 10 сар 04. 19 цаг 37 минут

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл гаргадаг статистикийн байгууллага орчин  үеийн технологийн хөгжилтэй зэрэг урагшлах шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Үндэсний статистикийн хороо улсынхаа газар нутагт оршин байгаа хүн, малаас эхлээд өөрийн гэсэн бүхий л зүйлсийг богино хугацаанд, бага зардлаар тоолж, судлахын тулд орчин үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, олон нийтэд хүргэх тал дээр ихээхэн анхаарч байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад “Оч” нэртэй анхны микрокомпьютер угсарсан, хуучнаар Статистикийн төв газрын тооцоолон бодох төвд Монгол Улсын анхны компьютер “Минск-32”-ийн оператороор ажиллаж байсан Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Г.Оюунбаяр өнөөдөр Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад илтгэл тавилаа.

Тэрбээр технологийн шийдэл ашиглан статистикийн мэдээллээ хэрхэн цуглуулах, газарзүйн байрлалаар хэрхэн тодорхойлох зэрэг сүүлийн үед ашиглаж байгаа сүлжээ, техник технологи, боломжтой шийдлийг танилцуулсан юм. Г.Оюунбаяр “Хүн хэчнээн сайн, хянамгай ажилласан ч ямар нэг алдаа гаргадаг. Би өөрөө статистикт ажиллаж байсан болохоор үүнийг сайн мэднэ. Тиймээс алдаа гаргахгүйн тулд сүүлийн үеийн програм, техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Та бүгд статистик мэдээллийг хөгжүүлэх арга зам хайж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, мэдээлэл цуглуулах арга хэрэгслээ илүү автоматжуулах наад зах нь CHATBOT нэвтрүүлэх зэргээр хүний үйл ажиллагааг орлох хэмжээний технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Бүр цаашлаад өөрийгөө хөгжүүлдэг, мэдээлэл цуглуулах процессоо илүү сайжруулбал хурдтай урагшлах болно. Одоо үед иргэд, олон нийт статистик мэдээллийг динамикаар, графикаар харуулсныг илүү сонирхож байна. Үндэсний статистикийн хороо иргэдэд мэдээллээ хүргэхийн тулд мэдээллийн сангаа шинэчлэхээс эхлээд олон зүйл хийж байгааг би харж байгаа. Цаашдаа илүү боловсронгуй болгохын тулд интернет, програм, технологийг илүү ашиглаарай” гэв. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :