Нийтэлсэн: 2017 он 10 сар 18. 13 цаг 35 минут

Үндэсний статистикийн хорооноос энэ оны гуравдугаар сараас таван сарыг дуустал 21 аймгийн 330 сумын статистикийн ажилтнууд, багийн Засаг дарга нарт зориулсан сургалт зохион байгуулсан билээ. Үүний үргэлжлэл болгон өнгөрсөн сард нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны ажилтнуудад дээрх сургалтыг эхлүүлсэн. Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байгаа бөгөөд үүгээр Баг, хороо, сумын Засаг дарга статистикийн ажилтнуудын сургалт хаалтаа хийж байна. Энэ үеэр Нийслэлийн статистикийн газрын дарга Д.Лхамсүрэнгээс есөн дүүрэгт явуулсан сургалт болон үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Энэ оны гуравдугаар сараас үргэлжилсэн сургалт есдүгээр сард нийслэлд эхэлсэн. Өнөөдөр төлөвлөгөөгөөр сүүлийн дүүрэгт болж байна. Сургалтын ач холбогдол, оролцогчдын санал хүсэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн 9 дүүргийн 152 хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарын статистикийн мэдээллийг бүрдүүлэх, бэлтгэх чадварыг дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийслэлд Монгол Улсын хүн амын 45 орчим хувь нь амьдардаг. Нийслэлийн 9 дүүрэг хороонд болон хөдөө, орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжилт, хөдөлгөөн байнга явагддаг. Иймд сургалтын онцлох сэдэв нь Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн систем гэж хэлж болно. Сургалтад хамрагдсан нийт албан хаагчдын Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн системийг эрхлэн хөтлөх чадварыг нэмэгдүүлэх, сургалтаар олж авсан мэдлэг чадвараа өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг хэвшлийг бий болгох, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг онол болон практик дадлагын ажлыг хослуулсан хэлбэрээр зохион байгууллаа. Мөн сургалтын дараа сорилго, санал асуулгыг авч нийт оролцогчдын олж авсан мэдлэг, чадварыг дүгнэсэн бөгөөд дүгнэлтэд үндэслэн дараа дараагийн сургалтыг хэрхэн зохион байгуулах, ямар сэдвээр сургалт зохион байгуулах шаардлаг,а хэрэгцээ байгааг төлөвлөнө.

-Сургалтад оролцогчид ямар санал, хүсэлт гаргаж байна. Хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хороодод ажиллаж байгаа ажилтнууд 2014 оноос Хүн ам, өрхийн мэдээллийн сан ашиглалтад орсноор тэдний ажлыг ихээхэн хөнгөвчилж байгааг онцолсон. Мөн иргэд шилжилт хөдөлгөөн хийж, 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй газартаа бүртгэл хийлгэдэггүй, түр оршин суугч гэсэн статусаар олон жил дамнан амьдардаг ч иргэний бүртгэлд бүртгэлтэй хаягаа албан ёсоор шилжүүлдэггүй гэх мэт хүндрэлүүд гардаг талаар оролцогчид саналаа илэрхийлсэн.

-Сургалтад оролцогчид захын хороод руу интернэт холболт байхгүйн улмаас асуудал тулгардаг гэж байсан. Өнөөдөр нийслэлд интернэт, статистикийн мэдээлэл дамжуулах хэрэгсэл хэр хүртээмжтэй байна вэ?

-Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд интернэтийн хурд удаан ч байнгын тасралтгүй холболттой байна. Энэ тал дээр хамгийн хүндрэлтэй байгаа дүүрэг нь Сонгинохайрхан дүүрэг юм. Эмээлт рүү шилэн кабелийн холболт байхгүй, интернэтийн төлбөрийн асуудлаас шалтгаалж, сүлжээ тасардаг гэх мэт хүндрэлүүдээс шалтгаалж, иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг тухай бүр системд бүртгэх боломжгүй, нэгтгэж байгаад дүүрэг дээрээ бүртгэл хийдэг талаар оролцогчид ярьж байна. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн системтэй ажиллахад интернэт сүлжээний байнгын тасралтгүй холболт, найдвартай ажиллагаа маш чухал. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн дүүргүүдэд интернэт сүлжээний холболтыг шийдвэрлэх, системийн хэрэглээг сайжруулах талаар зөвлөмж, чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.

-Интернэтийн асуудлыг тухайн дүүргийн удирдлагууд шийдвэрлэх ёстой юу. Өөр ямар нэг байдлаар байнгын интернэттэй байлгах, холбох боломж, арга зам бий юү?

-Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас 2017 онд нийслэлийн 152 хороог байнгын интернэт сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд бүх хороодыг шилэн кабелаар холбох ажлыг хийж дуусгана. Энэ онд нийслэлийн бүх хороод интернэтийн сүлжээнд холбогдож, статистикийн мэдээллээ заавал дүүрэг дээр очиж бүртгэдэг биш өөрийн хорооноосоо шууд мэдээллийн санд бүртгэх боломжтой болох юм. Хамгийн гол нь интернэт сүлжээнд холбосны дараа сүлжээ ашиглалтын урсгал зардлын төлбөрийн асуудал тулгардаг. Дүүргийн удирдлагын зүгээс сүлжээ ашиглалтын урсгал зардлыг баталж, төлбөрөөс холбоотойгоор сүлжээ тасрах асуудлыг гаргахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй.

-2017 оны сүүлийн улирал дундаа орж байна. Энэ ондоо багтаад хийж дуусгах, шинээр эхлүүлэх зэрэг ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг дүгнэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд үүний нэг нь шилдэг хороо шалгаруулах ажлын үнэлгээ юм. Шилдэг хороо шалгаруулах үнэлгээний нэг үзүүлэлт нь өнөөдрийн сургалттай холбоотой Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн үзүүлэлт байдаг. Иймд хороодын ажилтнуудыг чадавхжуулах зорилтоо цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хороодын ажлын үр дүнг дээшлүүлэхэд хамтран ажиллана. Нийслэлийн хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний түүвэр судалгааг явуулахад зуны улиралд орон сууцны айлууд зусландаа гарах, нийслэлийн иргэд зуны амралтаараа хөдөө, орон нутгаар аялах, амрах зэргээр бүртгүүлсэн хаяг дээрээ түр амьдрахгүй, эзгүй байх хүндрэл гардаг. Иймд нийслэлийн төвийн дүүргүүдэд уг түүвэр судалгаануудыг онлайн хэлбэрээр зохион байгуулах, туршилтаар нэвтрүүлэх ажлыг ирэх онд хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллаж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :