Нийтэлсэн: 2017 он 10 сар 31. 16 цаг 14 минут

Монгол Улсын анхны “Оч” нэртэй компьютерийн зохион бүтээгч хэн бэ гэвэл та хариулах байх. Харин статистикт ажиллаж байсан Г.Оюунбаяр гуайг таних уу гэвэл тэр бүр мэдэхгүй биз ээ. Тэрбээр Монгол Улсад компьютер байгаагүй байхад компьютерийн инженерийн ангид суралцахаар ЗХУ руу явж байсан түүхэн төлөөллүүдийн нэг. Мөн Статистикийн Төв Газрын Тооцоолон Бодох Төв (Үндэсний статистикийн хороо-ны 1970-аад оны нэр) Монгол Улсын анхны компьютер "Минск-32"-ийг худалдаж аваад суурилуулсны дараа төгсөж ирсэн анхны мэргэжилтнүүдийн нэг. Одоо Жи-Мобайл ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж буй Г.Оюунбаяр гуайг статистикийн салбарт ажиллаж байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тиймээс ямар цаг үед сонирхолтой түүхээр энэ салбартай холбогдож, монголын мэдээллийн технологийн болон статистикийн хөгжилд хэрхэн, хувь нэмрээ оруулсныг дараах ярилцлагаар хүргэе.

-Таныг монголын анхны “Оч” компьютерийг зохион бүтээсэн гэж мэдэхээс статистикийн салбарт ажиллаж байсныг мэдэх хүн цөөн. Энэ салбартай хэрхэн холбогдсоноо ярьж өгөөч?

-Миний статистикт орсон түүх 1968 оны хаврын үйл явдлаас эхтэй юм уу даа. Тэр хавар  би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуулиас тодруулбал долоодугаар ангиас хөөгдчихсөн юм.

-Яагаад сумын сургуулиасаа хөөгдсөн юм бэ. Таныг өссөн цаг үед тийм ч амар хөөгдөх боломжгүй байсан байх. Тиймээс энэ сонирхол татаад байна л даа. Уншигчдадаа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

-Багш нар манай сургуульд Төрийн Таван Яам, Төв Хороо, түүний дотор Ю.Цэдэнбал дарга өөрөө ирэх нь, шалгана гэнэ гээд л байрны хүүхдүүдийг өрөөгөө цэвэрлэ, шалаа угаа, илүү хувцсаа гадуур танил, хамаатныдаа аваач, тасагт хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцаснаас өөр юу ч байлгахгүй гэдэг байв. Байсхийгээд л шөнө хэдийд ч бай, багш, жижүүр орж ирж хөнжил хуу татаж биднийг босгоод энийг цэвэрлэ, түүнийг угаа, гутал, хувцсаа буруу тавьсан байна гэх мэт  урьдчилсан шалгалт явуулж, зөвлөгөө өгдөг байлаа. Ийм байдалтай 10 гаруй хонолоо. Ю.Цэдэнбал дарга ирдэггүй ээ. Тавдугаар сарын эхэн байсан болохоор цас орж  гэнэт хүйтэрснээ эргээд дулаарч байсан.  Энэ хооронд би бусад хүүхдүүдийн адил зузаан хувцсаа гадуур айлд аваачиж түр тавиад даарсан үедээ авчирч өмсөөд, дулаарахаар буцааж зөөж байв. Хэд дахин хувцсаа зөөгөөд залхсан би арга сэдэж зузаан хувцсаа орны дэвсгэр доогуураа пүршний дээр нь зулаад хонхорхой газраар нь цамц, бээлий бас сонин нугалж тавиад тэгшилчхэв. Даарсан үедээ хол явалгүй гаргаж өмсөөд, дулаарахад буцааж хийнэ гэж тооцсон. Гэтэл яг маргааш нь Ю.Цэдэнбал дарга манай өрөөнд ороод ирдэг байгаа. Уг нь сургуулийн захиргаа даргыг манай өрөөнд биш 15-р тасагт оруулна гээд тохижуулаад , хаанаас ч юм хивсэнцэр авчраад дэвсчихсэн харагдсан. Ю.Цэдэнбал дарга манай тасагт орж ирээд миний орны гудсыг сөхөж "Энэ чинь юу юм" гэж асуучхаад л 15-р тасаг руу чиглээ ч үгүй бүр гараад явчихсан.

-Нэг ёсондоо нэлээд том шалгалтаа муу өгчихсөн байх нь?

-Ю.Цэдэнбал даргыг явснаас хойш намайг багш нарын конторт зогсоодог болов. Байрны хүүхдүүд надад шууд хэлэхгүй ч намайг сургуулийн нэр төр гутаасан гэж байгаа нь илт байв. Намайг шалгалтад ч оруулсангүй. Би өөрийгөө "буруу зүйл хийсэн байна" гэж бодоод гэмээ бага ч атугай цайруулах санаатай сургуулийн түлээ зөөдөг машин (жолооч нь н.Цондоон гуай)-д өөр нэг ахын хамт ачигч хийлээ. 10 гаруй хоног түлээ зөөлцсөн ч багш, сурагчид өмнөх янзаараа л байсан. Гэтэл дотуур байрны жорлонгийн шинэ нүх ух гэдэг юм байна. Тэгэхээр нь 96 км зайтай Тэшиг сум руугаа гараад явган алхчихлаа. Хоёр өдөр, нэг шөнө алхаж хариад сумын барилгын тоосго цохиж байтал нагац ах Нийслэл хот руу авчирч 5-р сургуулийн 8-р ангид оруулснаар статистиктай холбогдох процесс үргэлжилсэн дээ. Тэр үед Ю.Цэдэнбал дарга Тэшиг суманд очоод, сумын захиргаа хажуугийн айлыг зориуд бэлдсэн байсаар атал, миний эмээгийнх рүү бас орсон байсан. Их сонин тохиолдол шүү. Одоо бодох нь ээ тэр бүх тохиол намайг статистик руу орох замыг минь зассан ч байж болох.

-Ийм учиртай болохоор л нийслэлд ирж сургуульд оржээ дээ.

-Тийм ээ. 5-р сургуульд орсон эхний сардаа баахан муу авсан минь бас л статистик руу чиглүүлсэн хэрэг. Хими дээр 2, орос хэл дээр 4 муу (хөдөө орос хэлний багш хүрэлцээгүй байв) аваад, шинэ ангийнхан бас л ангийн нэр гутаах "хар юм" хаанаас ирчхэв гэж шивнэлдээд, багш нар “найдлагагүй хүүхэд” ирж гэж ярьцгаагаад, ангийн багш н.Цэндмаа агсан “Хэн ийм хүүхдийг манай сургуульд авч, миний ангид оруулчихдаг байна” гэсэн. Тэр үеэс хичээлдээ илүү хичээж математикт 4, цаашлаад 5 авдаг болоод, бусад хичээлүүдийн дүн ч сайжраад ирэв. Энэ бүгдэд н.Өлзий багш хөдөөний надтай арай аятайхан харьцдаг байсан нь нөлөөлсөн байх. Сүүлд 8-р ангийг онц төгссөн ганц сурагч  нь нөгөө "хар юм" байсан гэж ярьдаг сан. 9-р ангид байхдаа МУИС-ийн математикийн тэнхимд магадлалын онолын дугуйлан нээгдэхэд явдаг болж сайн багш нар, түүний дотор сүүлд "МУ-ын Ардын багш" болсон Шагдар (сохорсон атлаа томьёо, том илэрхийллүүдийг огт түгдрэлгүй хэлэхэд нь туслагч Жадамбаа нь самбарт бичдэг байв. Жадамбаа багш сүүлд Боловсролын яамны сайд болсон) багшийн лекц сонссоноор математик ямар агуу, миний онц авдаг мэдлэг яасан дульхан болохыг мэдэж авав. Тиймээс математикийн мэдлэгээ сайжруулахаар хичээж эхэлсэн. Ингэснээр 10-р ангидаа Нийслэлийн олимпиадад 2, улсад 8-р байр эзэлж олон улсын олимпиадад улсаа төлөөлөх багийн гишүүн болж дөрөвдүгээр сараас МУИС дээр бэлтгэж эхлэв. Бэлтгэлийн дундуур Боловсролын яамнаас (одоогийн БСШУС-ын яам) ОУ-ын олимпиадад бэлтгэж буй төгсөх ангийн хүүхдүүдэд мэргэжил сонгох боломж  олгоход би жагсаалт үзэж байгаад тооцоолон бодох машины (компьютерийн) инженерийн мэргэжил сонгосон юм. Гэхдээ ЗХУ-ын аль сургуульд гэдэг нь тодорхойгүй ч эхний нэг жил Иркутск хотод хэлний бэлтгэлд сурна гэдгээ мэдэж байсан. Тэр үед МУ-д компьютерийн анги байтугай компьютер нь ч байхгүй байсан шүү дээ. Хэсэг хугацааны дараа энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхийг Статистикийн төв газраас захиалсан гэдгийг нь мэдээд компьютерийн инженерийн өөр нэг хуваарийг авсан Д.Цэрэнпилтэй хамт СТГ-т очиж боловсон хүчний эрхлэгч н.Ёндонжамц гуайтай уулзсанаар анх статистиктай холбогдсон доо.

-Одоогийн залууст үлгэр дуурайл болохуйц таван хэлтэй. Эхний хэлээ ОХУ-ын Иркутск хотод сурчээ. Бусад дөрвөн хэлийг нь яаж сурав. Тодорхой хэмжээний хугацаа, хугацаан доторх сонирхолтой үйл явдал өрнөсөн л байх даа?

-Иркутск хотод Орос хэл сурсан.  Харин яг сурах дээд сургууль маань Украины Харьков хотод байв. Тэнд сурахдаа бөх ч болж, шатарчин ч болж үзэв (аль алинаар нь 1-р зэрэгтэй болсон). Мөн оюутны зохион бүтээх товчоонд ч ажиллав. Зуны амралтаараа тэр бүр гэртээ харихгүй ажил хийдэг байсан юм. Тухайлбал, нэг зун нь Оренбург-Западнаяграница  СССР (ЗХУ-ын баруун хил) чиглэлийн хийн хоолойг барилцсан. Бас нэг зун нь Казахстан улсын Кустанай мужид барилга барьж, дараа зун нь Байгаль-Амарын төмөр зам барилцсан (БАМ-ын хүндэт зорчигч тэмдгээр шагнуулав). Мөн Киев, Харьковын найман үйлдвэр, заводод ажилласан. Энэ бүхэнд украин хэл, бүр хар ярианы хараал ч  хэрэг болно. Харьковын 100 мянга гаруй ажилчинтай “Малышевийн нэрэмжит завод”-д төмрийн хог зөөдөг байсан минь  АК-74 автоматын эд анги зорсноос үүсдэг байсныг, сүүлд мэдэж билээ.  Байлдааны онгоцны, сүүний, нэхмэлийн утасны, гөлмөн төмрийн, тооцоолох техникийн  үйлдвэр, трамвайны зам засвар гээд л зургаан жил сурах хугацаандаа ажлын тодорхой дадлага хуримтлуулж ирсэн. Энэ дадлага Тооцоолон бодох төвд өргөтгөл хийх, янз бүрийн материалаар эд зүйлс, төхөөрөмж хийх, Статистикийн төв газрын Шарга Морьтын зуслангийн байрууд, дэлгүүр, цэцэрлэг зэргийг барих, сүүлд Үндэсний статистикийн газрын эвдэрсэн ширээ, шүүгээ, сандлууд засахад их хэрэг болсон. Статистикт ажилласан хамгийн сүүлчийн өдөр буюу 2005 оны 2 сарын 28-нд ХАА-н хэлтсийн статистикчдын налж уначихсан ширээнүүдийг сэргээн бөхөлж байснаа санаж байна. Миний янз бүрийн төвшинд мэдэх зарим нь хэрэглээнд тун бага ашиглагддаг хэлүүдийг сурахдаа би маш их зориг гаргасан.

-Зориг гаргасан гэдэг нь яг юуг хэлж байна вэ. Та тодруулахгүй юү?

-Булган аймагт байхдаа хааяа хувьсгалын эсэргүүний “үлдэгдэл” гэж “цоллуулдаг” байлаа. Учир нь ээжийн аав, аавын аав, эмээгийн ах, өвөөгийн дүү нар эсэргүү гэгдээд 1938 онд буудуулсан хүмүүс. Гэхдээ тэд 1992 онд бүгд цагаадсан. Тэшиг сумын хүн амын 5-ны нэг нь буриад ястан. Тэдэн дотор нэг ч партизан байхгүй. Халхууд дотор 20 гаруй партизан байсан. Би буриад нь болоод мэндэлчихсэн. 1992 он хол байх үед Тэшиг, Хутаг-Өндөр сумын, Булганы хүүхдүүд, дарга нар юу гэж бодох нь тодорхой шүү дээ. Гадаадын их, дээд сургуульд явахад гурван үеийн намтар шаардлагатай. Миний хамаатны нэг ах “Чи өвөөгийнхөө намтрыг бичиж өгөх ёстой болно. Тэр хүнийг цаазлагдсан гэх нь байтугай 1938 онд нас барсан гэж бичвэл чамайг ЗХУ руу явуулахгүй. Тэгэхээр 1933 юм уу 1934 оны орчимд нас барсан болго. Гэхдээ баригдчихвал би ингэж сонссон юм гээрэй, намайг ингэж хэлсэн гэж дуугарав чи” гэж зөвлөв. Ингээд бүрдүүлсэн бусад материал дотроо өвөг эцгээ 1933 онд өвчнөөр нас барсан болгож анкет шургуулж өгчхөөд хэд хоног амьсгал даран хүлээв. Аз болж илэрсэнгүй. Иркутск явах галт тэргэнд суусныхаа дараа л уужим амьсгаа авсан. 10-н жилдээ Булган аймгийнхаа сургуульд сураагүй  минь аз болсон. Тэнд бол нуугаад ч нэмэргүй.

-Сургуулиа төгсөж ирээд шууд Статистикийн төв газар орсон уу?

-Үгүй ээ. Сургууль төгсөж ирээд Засгийн Газрын Ордонд байрлах Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтэст дахин анкет өгөх болов. Өвөг эцгээ жинхэнээр нь бичвэл  улсын бүх л мэдээлэл төвлөрдөг байгууллагад намайг ажиллуулахгүй гэж тооцоод 1934 онд нарийнтаж нас барсан болгочхоод ортол Төв хорооны хүний нөөцийн нэг мэргэжилтэн “Чиний асуудлыг Д.Ламжав дарга шийднэ тийш орно уу” гэхэд нь “мэдчихсэн юм байх даа” гэсэн түгшүүр төрөв. Коридорт хэсэг зогсож урт амьсгал авч уужраад эрхлэгчийн өрөөнд ороход туранхай боловч урдаас нэвт шувт ширтсэн нэг ах сууж байв. Намтруудыг минь, түүний дотор өвөг эцгийн минь намтрыг ч үлдээлгүй анхааралтай уншив. Дараа нь тэр “Дипломоо онц хамгаалсан юм байна” гэж дуугараад дүнгүүдийг минь нэмж байснаа “Дунджаар 4.5 мөн үү” гэж асуув. Би “4.3 байх” гэтэл, “За ингээд биччихлээ. Статистикийн төв газарт очиж бүртгүүлж болно, баяртай” гэв.  Дүнгийн хойноос гүйгээгүй ч хэрэндээ хичээн суралцсан минь өвөөгийн намтраас хүний анхаарлыг сарниулах шалтгаан болж өгсөн юм.

-Гурван үеийн намтраа өөр анкет бөглөхөд ашиглаагүй юү. Эсвэл худлаа бичээд баригдахгүй явсаар өнөөдрийг хүрээд ирэв үү?

-Яалаа гэж дээ (инээв). Олон хавар нэгэндээ гэгч болж 1980-аад оны дундаас эхлэн аспирантурт орох шалгалт өгөх гэхээр намайг оруулдаггүй байв. Янз бүрийн шалтгаан хэлнэ. “Чи курст явсан, чи орныхоо хүнийг хангалттай бэлдээгүй” гэх мэтийг дурддаг байсан ч, цаад шалтгаан нь өвөг эцгийн авсан ял байсан юм билээ. Гурван үеийн намтар одоо ч шаардаад байдаг нь социализмын үеийн үлдэгдэл байх. Социализмын оргил үед “хувьсгалын эсэргүү” хэргээр цаазлагдсан хүний ачийг аспирантурт явуулсан дарга буруутаж л таарна. Сонирхуулахад, Хутаг-Өндөр сумын сургуульд надтай нэг ширээнд суудаг байсан, нэг сум, нэг баг, нэг голын  Д. Даваажав 1980 оны Москвагийн олимпод чөлөөт бөхийн 74 кг-ийн жинд мөнгөн медаль авсны дараа өвөг эцэг нь “эсэргүү” байсан хэргээр буюу 1938 онд миний өвөөтэй хамт цаазлагдсан шалтгаанаар спортын гавьяат мастер цол олгоогүй. Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медаль нэмж авсан байсан ч тэр шүү дээ.  Харин шударга ёс яригдаж эхэлсний дараа 1990 онд дээрх цолыг нь олгосон.

-Тэгэхээр Украинаас компьютерийн инженерийн гараагаа эхэлсэн байх нь?

-Тэнд таван жил хагас сурсан.  3-р курсээс эхлэн оюутны зохион бүтээх товчоонд дизайнерын албан тушаалд, сарын 37 рубль 50 копейкийн цалинтай, ажилладаг болсон минь хичээлийн зарим хэсгийг практиктай шууд холбосноороо надад их тустай байв. Мөн гагнаас хэрхэн найдвартай атлаа хурдан хийх, боардад зам гаргах гэх мэт механик ажлын зэрэгцээ электрон төхөөрөмжийн математик загварыг эхэлж гаргаж, түүнийгээ компьютер дээр симуляци хийж байж схемээ сайжруулаад төхөөрөмжөө хийх зэрэг шат дамжлагатай нь бодитоор танилцах завшаан олдсон.

Сургуулийн импульсийн техникийн лабораторийн төхөөрөмжүүдийг чип дээр суурилснаар өөрчилж хийх, угсрах, байгууллагуудын захиалгын дагуу схем, загвар гаргах, бодитоор угсрах зэрэг ажлын захиалга Зохион Бүтээх Товчоонд маш их ирж байв. 1975 оны хавар Др. Нестеренкогийн удирдлага дор нэг төхөөрөмжийн үзүүлэлтийг компьютерээр бодуулж, техникийн үзүүлэлтийг нь гаргасантай танилцаад надаар загвартаа зарим нэмэлт хийлгэж  хайрцгийг нь  үнэтэй будгаар будаж нэрийг нь латин үсгээр сийлээд Итали руу илгээв. Тэр бүтээл “EXPO Milano-75”-аас алтан медаль авч байсан.

1973 оны хавар манай Засгийн газар оновчтой шийдвэрийг зоригтой гаргаж хэрэгжүүлсэн байсан. Учир нь Тооцоолон бодох төвд суурилуулах компьютер авах тендер зарлахад мэйнфрэйм компьютер дээр ажиллах хүний нөөц огт байгаагүй атал тендерийг хойшлуулаагүй. Тендерт ЗХУ-ын дэвшүүлсэн санал ялсны дараа Статистикийн төв газар, МУИС-ийн математик, физикийн ангийн төгсөх ангиас програмист, электронч инженер болгохоор 60 орчим оюутан сонгон авч Минск хот руу явуулж мэргэжилтэнтэй болсон нь маш их зориг гаргасан явдал байсан. Ийм арга хэмжээ авснаар ажил цалгардаагүй. Удалгүй тэр мэргэжилтнүүд 110 ам метр талбайг дүүргэж байсан мэйнфрэйм компьютер “Минск-32”-ыг хоногийн 24 цагаар ажиллуулах аппликейшн бий болгож чадсан юм.

- Монгол Улсын анхны компьютер “Минск-32”-ийг ажиллуулахаар мэргэжилтэн бэлтгэж байсны нэг нь та байж. Тухайн үеийн Засгийн газар бас ухаалаг шийдвэр гаргасан байгаа юм шүү?

-Тийм шүү. Ирсний минь дараа намайг "шинэков" гэдгээр “Минск-32”-ийн засвар, үйлчилгээний хажуугаар нэмэлт сорилтод оруулав. Энэ нь Сэлбийн голын далан барих, Баянголын ОУ-ын пионерын зуслан, Шарга Морьтын ажиллагсдын зуслангийн цогцолбор барих, табуляторын зааланд  дуу намсгагч суурилуулах, намар нь Гацууртад хадлан бэлтгэх, Хэнтийн Жаргалтхаанд хүнсний зоорь барих, өвөл ууланд мод бэлтгэх зэргээр давхар ажиллав. Харьковаас төгсөж ирэхдээ би нэг хайрцаг дүүрэн мод, төмрийн болон гагнуурын багаж авчирсан минь маш их хэрэг болсон. Мөн тооцоолох техникийн улсын хэмжээний засварын  алба байгуулах төсөл боловсруулах, ТБТ-ийн өргөтгөлийн үндэслэл гаргах зэрэг даалгавраас гадна ойн түймэрт ч дайчлагдаж байв. Нэг мэдэхэд  1979 оны дөрөвдүгээр сар гарч, Хүн ам, орон сууцны Улсын тооллогын мэдээлэл боловсруулахад зориулж шинээр авах ЕС-1040 (IBM 360-ийн аналог) мэйнфрэймийн сургалтад хамруулах мэргэжилтэн шалгаруулалт эхлэв. Сонгогдсон мэргэжилтнүүд Унгар, Ардчилсан Герман явцгаасан.

Баруун гараас В. Ганин, ЕС-1045 (IBM370) суурилуулсан ЗХУ-ын мэргэжилтэн, Тооцоолон бодох төвийн инженер электрончид: Г.Оюунбаяр, Эрдэнэчимэг хүүгийн хамт, В. Баяраа, Д.Бат-Эрдэнэ доктор, агсан, С. Байгалтөгс, доктор Проф., хүүгийн хамт. Тэрэлж, 1987 оны 4 сарын 26.

-Ингээд гурав дахь хэлээ сурсан байх нь ээ?

-Тийм ээ. Германаас авсан компьютер ашиглах үед асуудал гарвал тэндээс мэргэжилтэн дуудахгүйн тулд  бид илүү хичээн сурцгаасан. Бусадтайгаа харьцуулбал би тэнд их удсан, мөн Берлинд хоёр айл дамжсан, Лейпцигт хотын захад бас л айлд байсан зэргээр хэл сурах боломж илүүтэй байснаа ашиглахыг хичээсэн юм. Берлиний хананы яг хажууд  амьдардаг байсан хоёр хөгшнийд байхдаа орой бүр удаан хугацаагаар ярилцдаг байлаа.

Германаас ирсний дараа ажил дээр хоёр шүүгээ дүүрэн техникийн баримт бичиг дандаа герман хэл дээр байх тул ойлгохгүй бол мэйнфрэймээ оновчтой ашиглах аргагүй. Германд байхдаа чөлөөт цагаараа хоёр роман уншиж амжаад, Х. Хайне, Ф. Шиллерийн шүлгүүд, Чингис хаан, Москва зэрэг хэд, хэдэн дууны үг цээжлээд өрөөндөө, хүнгүй гудамжинд чангаар уншиж, олон дахин давтаж байж тогтоосон юм даг. Ирэх үедээ герман дээрх техникийн баримт бичгүүдийг ашиглах боломжтой болсон. Нутагтаа ирсэн хойноо ч герман хэлний мэдлэгээ дээшлүүлсээр байлаа. Гэхдээ манай инженер-электронч агсан Х. Зулзага Герман хэлийг надаас илүү сайн сурсан байсан даа.

-Та ЗХУ руу сурахаар явахдаа Статистикийн төв газрын захиалгаар явж байсан ирэхдээ Тооцоолон бодох төвд тушаал гаргуулж орж байсан гэсэн. Тэгэхээр яг хэзээ албан ёсоор статистик руу орсон юм бэ?

-Статистик руу тийм ч амар ороогүй ээ. Замд нь бас хэсэг үйл явдал болсон. Тухайлбал, Тооцоолон  бодох төвөөс гэр бүлтэй боллоо. Ажилд орсон жилээ байрны өргөдөл өгсөн минь хэрэг болж 1989 оны 12 дугаар сард нэр минь жагсаалтын толгойд хүрснээр ажлаас маань надад гурван өрөө байр үнэгүй өгсөн. Одоо ч би тэр байрандаа л амьдарч байна. 1991 онд Тооцоолон бодох төв татан буугдаж 300 хүнийг халах тушаал уншиж билээ. Цөөхөн хүний нэр дурдагдаагүйн нэг нь би байв. Гэхдээ намайг, шинээр байгуулсан Тооцоолох төв гэдэг Улсын Үйлдвэрийн Газарт хуваарилсан байв. Энэ нь байрны ашиглалт буюу түрээс, үйлчилгээ хариуцах нэгж байв. Компьютерийн инженер хүн өөр олон мэргэжилтний үүрэг гүйцэтгэх болсон. Тодруулбал, би цахилгаанчин, засварчин хийж хажуугаар нь статистикийн  газрынхаа компьютер, принтер, олшруулагч, модем зэрэг тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг давхар хариуцдаг байв. Тооцоолон  бодох төв  татан буугдсантай холбоотойгоор одоогийн Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ байрлаж буй таван давхар байрны 3-р давхраас бусад  нь эзгүйрч тэдгээрийг аж ахуйн нэгж, байгууллагуудад түрээсэлдэг болсон. Энэ байдлаар хэдэн жил цахилгаанчин, инженерээр ажилласан. Засгийн газрын тогтоолоор Азийн супер компьютерийн төв хоёр давхрын машин заалд үйл ажиллагаа явуулах болов. Үндсэн ажлынхаа хажуугаар тэр төвтэй холбоотой судалгаа, баримт бичиг боловсруулах ажлыг цалин, хөлсгүй хийж байлаа. Гэвч МУ-ын Засгийн газар энэ төслийг гэнэт зогсоосон. Статистикийн мэдээлэл технологийн  хүртээмжийг нэмэгдүүлэх, статистикийн чадавхыг сайжруулах зорилгоор компьютер, тоног төхөөрөмж авах, дотоод сүлжээ байгуулах зэрэг сэдэвчилсэн  төсөл боловсруулж Азийн хөгжлийн банк, НҮБ  руу илгээдэг байв. 1990 оноос 2002 оны хооронд статистикийн төв, орон нутгийн байгууллага улсын төсвөөр нэг ч компьютер, хэвлэгч  аваагүй.

-Өөрсдөө бор зүрхээрээ л зүтгэнэ гэдэг шиг болжээ дээ?

-Яг тэгсэн. Өөрсдөө л санхүүжилт олдог байсан. Тэр үед улсын төсөв маш бэрх байсан ч ОУ-ын  байгууллагууд хүсэлтээ илэрхийлсэн төрийн байгууллагуудад нааштай хандаж байлаа. Хүсэлтийг заавал англи хэл дээр, төсөл хэлбэрээр хүлээж авна. Хэдэн хэлтэй байсны хэрэг тэнд л гарсан. Бусад төрийн байгууллагууд төсөл боловсруулдаг мэргэжилтэн, англи хэлний орчуулагчийн эрэлд гардаг байхад бид хялбар шийдэж байв.

1996 оны 10 сард ҮСГ-ын дарга Ч. Даваасүрэн надад Мэдээлэл тооцооллын газрын ажлыг зохион байгуулах санал тавьсныг нэг хоног бодож байж хүлээж авав. Учир нь сайн програмист байсан Л. Мягмар даргыг орлох гэдэг амаргүй санагдсан хэрэг. Ч. Даваасүрэн дарга өмнөхөөсөө илүү олон улсын байгууллага руу төсөл явуулах даалгавар өгч байсан. Мөн Люксембург улсад болсон Евро Статын хуралд Ч.Даваасүрэн даргатай хамт оролцохдоо бид хоёр гол санхүүжүүлэгч улс орныхонтой аль болох төлөөлөгчдийнх нь сайн мэдэх хэлээр ярилцахыг эрмэлзэж байсных уу, эсвэл өөр шалтгаанаар уу нэлээд олон улс бидэнд дэмжлэг үзүүлэхээ амлав.  Ч. Даваасүрэн дарга англи, орос хэлээр надаас сайн ярьдаг байв. Тус хуралд Казахстан, Киргизстан, Беларус, Украин улсын төлөөлөгчид бүгд орчуулагчаар дамжуулж бусадтай харилцаж байв. Хурал дээр аль улсад хэн дэмжлэг үзүүлэх тухай нэр дуудан хэлэлцэхэд манай улсыг дэмжихээр Англи, Голланд, Швед, Герман, Португал зэрэг улсын төлөөлөгчид гараа ярайтал өргөж билээ. Тасисын шугамаар олон төсөл хэрэгжүүлэхэд дээрх улсууд тус бүр нэгээр тогтохгүй тооны төсөлд дэмжлэг үзүүлсэн. Статистикт тулгарсан асуудлыг Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхэд хөгжил, Австрали, Турк, Японы байгууллагуудад ойлгуулж  чадсанаар  дэмжлэг авахад бага ч атугай  хувь нэмэр оруулсан байх гэж боддог, бас зарим боломжийг алдсан явдал ч бий.

-Дээрх хэлнүүдээс гадна. Та польш хэлтэй. Энэ хэлийг бас тухайн улсад сурсан уу?

-1982 оны намар, өвөл дисплейн болон алсаас мэдээлэл боловсруулах системийн курст Польш улсын Вроцлав хотын МЕРА ЭЛВРО төвд Доктор н.Бат-Эрдэнэ агсны хамт очиж сурсан юм. Орос хэлээр ярихад тэд ойлгоогүй царай гаргадаг байв. Харин украинаар ярихад их өөр, иргэд нь ойлгож хариулах гээд зогсчихно. Сүүлдээ украин, польш хольж ярьдаг болов. Доктор н.Бат-Эрдэнэ бид хоёр нэг айлд байсан. Хөгшчүүл нь, ялангуяа Вроцлав хотын орчимд амьдардаг иргэд герман хэлээр сайн ярьдаг байсан. Германы Preslau нэртэй энэ хот Потсдамын гэрээгээр 1945 онд Польшид шилжиж ирснийг польш аялгуугаар Вроцлав (үүнийг тэд Вроцвав гэж дуудна) гэж нэрлэсэн байж. Польшид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн техникийн баримт бичиг польш хэл дээр (танилцуулга төдий зүйл бол орос, герман дээр) байсан тул грамматикийн ном авч үзэн баримт бичиг ойлгодог болох төвшинд судалгаа хийсэн. Монголдоо очихоор техникийн баримт бичиг л аминд орно. Учир нь энэ асуудал ЗХУ-ын “Минск-32”, Германы “ЕС-1040” (IBM360) мэйнфрэймүүд ашиглах үед тулгарч байсан бэрхшээл юм.  Тэр үед хотын гудамжаар буутай цэргүүд эргүүл хийнэ. Гурван хүн цугларвал тараана. ЗХУ тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс орж байна гэж үзэж байсан болохоор оросоор ярьсан хүнд дургүй. Иймээс орос хэл хэрэг болохоосоо дараа болж билээ.

-Та дөрвөн хэлийг тухайн улсад нь очоод сурчихжээ. Хүн бүрд олдохгүй боломж нэг талаас аз байж болох ч нөгөө талаас азыг хүн өөрөө хөдөлмөрлөж, бүтээж байж дууддаг байх. Англи хэлээ хаана сурсан бэ. Бас нэг тийш сургалтаар явсан уу?

-Нээрээ бодоод байсан, англи хэлээ л монголд сурсан юм байна. Англи хэлээ ажиллахынхаа хажуугаар МУИС-ийн оройн ангид сурч 1989 онд төгссөн. Доктор Чой Лувсанжав багшаар заалгаж байсан би их азтай хүн.

Харьковт байхдаа англи хэлний дугуйланд сурсан. Учир нь ЗХУ-ын оюутнууд англи хэлээ үзээд л байсан. Компьютерийн мэргэжилтнүүд англи хэлтэй байх ёстой байлаа. 1970-аад оны дундаас ЗХУ компьютерийн салбарт АНУ-с хоцорч эхэлснээ хүлээн зөвшөөрч IBM360/370 мэйнфрэймүүдийг хуулбарлаж ЕС-1030/40/50/60 зэрэг нэртэйгээр үйлдвэрлэхэд үйлдлийн систем, программын хэлнүүд тэр чигээрээ англи дээр дагалдаад ороод ирсэн шүү дээ. Курс төгссөн ч уран зохиолын англи ном ойлгохгүй байсан тул хэлтэй гэхэд бэрх. Төгсөж ирээд, дараа нь хэд, хэдэн хэл рүү их цаг зарсан ч гол хэрэглээний хэл нь хоцорсон байв. Иймээс англи хэлийг их хичээж үзсэн. Гэхдээ одоо ч сайн гэхэд бас бэрх хэвээр. 1990 оноос хятад хэл үзэж бичгийн бус, цөөн үйл үг, нэр үг, өнгө, тоо зэрэг ярианы төдий хэлтэй болсон минь ихэнх монголчуудын чадвараас доогуур.

-Статистикийн тогоонд буцалж байсан хүний хувьд та тэр үеийн мэдээлэл цуглуулалт, боловсруулалт өнөө үед ямар болгох ёстой талаар мэргэжлийн талаас саналаа хуваалцахгүй юү?

-Мэдээлэл цуглуулахад, хэрэгжүүлэхэд арай хялбараар нь, эхэлж Call Center ашиглалтад оруулах нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлнэ. ВЭБ-ээр форм бөглүүлж, шалгалттай авдаг нь хамт байна. Харин ойрын ирээдүйд chatbot хөгжүүлж, мэдээлэл цуглуулах процессыг үүрэн холбоо, интернэт, хиймэл оюунд суурилсан автомат систем руу шилжүүлэх хэрэгтэй. Үүнийгээ machine learning-тэй холбохоор энэ систем өөрийгөө хөгжүүлээд байдаг болчихно. Статистикт робот, дрон зэрэг чухал биш, харин хиймэл оюун их тустай хэрэгсэл. Боловсруулалтад хүчтэй компьютер хэрэг болно. Гэхдээ байгууллагадаа датасентер байгуулах хэрэггүй. Үндэсний дата төвийн Cloud-ээс үйлчилгээ аваад байх нь хэмнэлттэй, бас найдвартай. Салбар бүрийн цэвэрлэгдчихсэн өгөгдөл динамик санд орчихсон байхад хэрэглэгчдэд өгөгдлийг Business Intelligence, GIS, Dashboard, R, SPSS зэргийн аль дуртайгаараа visualization-тай  харах боломжийг олговол ямар вэ? Гэхдээ ийм үнэтэй мэдээллийг үнэлэх нь зүйд нийцнэ. Хүснэгтээр өгвөл үнэгүй байж болох юм.

-Монголын анхны компьютерийг зохион бүтээсэн инженерээс анхны бүтээлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Тухайн үед “Оч” компьютерийг бүтээхэд хэр их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулав. Үүгээр ярилцлагаа өндөрлөе.

-Тооцоо хийж үзэхэд угсралт, туршилт, тестлэхэд 32 орчим хүн сар гаруйн хугацаа зарцуулсан байна. Өмнө нь  судалгаа, бэлтгэлд багагүй цаг зарсан. 1979 оноос судалгаа эхэлсэн юм. Хэрхэн ажиллуулах гэдэг том асуудал байв. 1983 оны 12 дугаар сард ихэнх деталь нь цугларч, 1984 оны 5 дугаар сард ашиглалтад оруулсан. Үүний дараа бид Статистикийн төв газрын Шинжлэх ухаан техникийн нэгдсэн зөвлөлд өргөдөл гаргасан юм. 1984 оны 5 дугаар сарын 17-нд СТГ-ын Шинжлэх ухаан техникийн нэгдсэн зөвлөлийн дарга Д.Лувсандоржийн гарын үсэг бүхий 4/5 дугаартай “Өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-ны шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэст хүргэгдлээ. Уг албан бичигт “Тус газрын Тооцоолон бодох төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр нарын БХЯ-ны ...-р ангийн инженер Дашцэрэн, ЗТО-ны багш н.Мягмарсүрэн, н.Гантулга, УАМД институтийн инженер н.Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж оновчтой санал болгож батлуулж гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг хянаж зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн байв.

 

Ц.Баасансүрэн



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :