Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 10 цаг 38 минут

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор Багшийн гарын авлага боловсруулж гаргах, ЕБС-ийн багш нарт сургалт зохион байгуулах хамтарсан тушаалд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоон дүн шинжилгээ хийх чадварыг дунд ангиасаа сурч эхэлбэл ирээдүйд өөрийнхөө амьдралд ч дүгнэлт, дүн шинжилгээ хийх аргад суралцах болно. Үүний тулд багш нарт статистикийн мэдлэг олгох гарын авлага бэлтгэх зэргээр боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллахад таатай байна” гэв.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Статистикийн тоон мэдээллийн хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Зөвхөн бодлого, шийдвэр гаргах удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын түвшинд бус иргэд, олон нийт, оюутан  сурагчид өдөр тутмын хэрэглээндээ ашиглуулахыг бид эрмэлзэж байна. Хэдийгээр ЕБС-ийн сургалтын программд статистикийн сэдэв байдаг ч, нэгдсэн гарын авлага, хичээлийн агуулга байхгүй нь тухайн багш нарын мэдлэг мэдээллээс шууд хамаарах болж байна. Иймд  ЕБС-ийн багш, сурагчдын статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтарч Статистикийн гарын авлага боловсруулах боллоо. Энэхүү ажил маань ирээдүйн том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцоллоо.

Үндэсний статистикийн хорооноос 21 аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн боловсрол олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Мөн 2016 онд АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран Монголын Их дээд сургуулийн багш нарыг оролцуулсан олон улсын бага хурал зохион байгуулсан. Энэ онд АНУ-ын Алабамагийн Их сургуульд “Инноваци, технологид суурилан статистикийн заах арга зүй болон үйлдлийн шинжилгээ” сэдэвт сургалтад Боловсролын хүрээлэнгийн ажилтнууд, Их дээд сургуулийн багш, судалгааны компанийн төлөөллүүдийг оролцуулсан. Энэ мэт статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг боловсролын салбарт цөөнгүй явуулж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :