Нийтэлсэн: 2017 он 11 сар 27. 10 цаг 48 минут

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 13, 14-нд “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулсан. Чуулганд 21 аймаг, нийслэл дүүрэг, Үндэсний статистикийн хорооны статистикийн мэргэжилтэн, албан хаагч, анхан шатны мэдээлэл өгдөг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаачид, яам агентлаг, Азийн хөгжлийн банк, НҮБ, Дэлхийн банк зэрэг гадна дотнын олон төлөөлөл оролцсон. Эдгээр төлөөллийн нэг болох НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкмантай дэлхийн болон манай улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжил болоод түүнд статистик ямар ач холбогдолтой зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн талаар ихээхэн ярьж байгаа. Манай улс ч мөн адил тогтвортой хөгжлийн асуудлыг хөндөж байна. Гэсэн хэдий ч хүн бүр цаад утга санаа, гол зорилго, зорилтыг нь сайн мэдэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор “Дэлхийн түвшний тогтвортой хөгжил 2030” хөтөлбөр болоод түүний зорилтын талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Тогтвортой хөгжил нь ирээдүй хойч үеийнхэндээ хор хөнөөл учруулахгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ хангах явдал юм. Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшин нь тогтвортой биш байгаа бөгөөд энэ нь өсөн нэмэгдэж байна. 1990 онтой харьцуулахад 2010 онд хэт ядуу хүний тоо 700 саяар цөөрсөн. Ядуурал буурсан хэдий ч хүмүүсийн хэрэглээ өсөж үйлдвэрлэл илүү эрчимжээд байна. Хүн амын тоо нэмэгдсээр байгаа өнөө үед энэ хандлага үргэлжилсээр байвал бид өөрсдийн үйл ажиллагаагаа өөрчлөхгүйгээр дэлхийн нөөц баялгийг тогтвортой байлгах боломжгүй. Тогтвортой байдал нь хүн бүрд хамаатай асуудал юм. Яагаад гэвэл бидний хүрээлэн буй орчин болон үүний нөөцийн зарцуулалт нь ирээдүй хойч үеийнхэнд нөлөөлнө. Тогтвортой байдлыг хангах нь дэлхий дахины хөгжлийн шинэ хөтөлбөр бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд (ТХЗ) нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн хөгжлийн гурван хэмжүүрийг нэгтгэж байна. Энэ нь 2030 он гэхэд дэлхийд ядууралгүй, тэгш бус байдлыг багасгаж, ирээдүй хойч үедээ дэмжлэг үзүүлэх замаар дэлхийн нөөц бололцоог баталгаажуулах гэсэн дэлхийн нийтээрээ дагаж мөрдөх замын зураглал болж өгч байна.

-Тогтвортой хөгжлийн гол үндэс нь юу вэ. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудын гол агуулга юунд оршиж байна. Тэдгээр зорилтуудад хэрхэн хүрэх вэ?

-Тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр нь ирээдүй хойч үеийнхэндээ хохирол учруулахгүйгээр ухаалаг замыг олж нэвтрүүлэх явдал юм. НҮБ-ын хувьд эхлээд хөгжих дараад нь цэвэрлэх гэсэн байр суурийг дэмжихээ больсон. ТХЗ нь дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүр амар тайван, хөгжил цэцэглэлтийг эрхэмлэсэн байдлыг хангахад чиглэсэн юм. Бүх улс орнууд хөгжлийн нэг хөтөлбөр дээр санал нийлж байгаа нь гайхалтай амжилт. Мөн энэ хөтөлбөр нь дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан зүйл болоод байна.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд бид өөрсдийн амьдралын хэв маяг, хөрөнгө оруулалт, бизнес, үйлдвэрлэл болон хэрэглээнийхээ арга барилыг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнд бүх нийтийн хичээл зүтгэл шаардлагатай. Тиймээс Засгийн газар, иргэний нийгэм, эрдэмтэн, залуучууд, хувийн хэвшлийнхэн өөрсдийн чиглэлийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хамтарч ажиллах шаардлагатай байна.

Тухайлбал, Засгийн газар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хууль тогтоомж болон төсвийн тогтвортой байдлыг хангах замаар энэ хөтөлбөрийн тэргүүлж ажиллах, хувийн хэвшил нь инноваци, санхүү, буяны үйлст хувь нэмрээ оруулах, иргэний нийгмийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, олон нийтийн ажил хийх, энгийн иргэд нь өдөр бүрийн сонголт болон өөрсдийн үйл ажиллагаагаар хувь нэмрээ оруулах юм.

Дэлхийн хамгийн том асуудлыг бид өөрсдийн амьдралын хэв маягийг өөрчлөн хариуцлагатай байдлыг бий болгож, нэгдсэнээр шийдвэрлэж чадна. Наад зах нь эрчим хүчний хэрэглээгээ багасгах, дахин ашиглалт, дахин боловсруулалтыг дэмжих, машин унахын оронд автобусаар зорчих, алхах, орон нутгийн бизнесийг дэмжих, гол горхи болон бэлчээрийг бохирдуулж буй хог хаягдлыг түүх зэрэг олон талаар хувь нэмрээ оруулж болно. Өнөөдөр бидний хийж буй үйл ажиллагаанууд нь ирээдүй хойч үеийнхэнд өөрчлөлт авчрах боломжтой.

-Өмнө нь Мянганы хөгжлийн зорилтын хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ удаа хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтууд өмнөх хөтөлбөрөөс юугаараа иргэдийн болоод улс орны байдалд илүү үр дүнтэй, бодитой нөлөөлөх вэ. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн хувьд ямар ахиц, дэвшил өөрчлөлт, шинэчлэлт гарах боломжтой бол?

-Мянганы Хөгжлийн Зорилтууд (МХЗ) нь нэн ядуурлыг бууруулах, дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийг сайжруулах зорилготой байсан. Энэ нь түүхэн дэх ядуурлыг бууруулсан хамгийн том амжилт байсан бөгөөд ядуурлаас нэг тэрбум гаруй хүнийг гаргаж чадсан. Мөн дэлхийн нийт хүүхдүүдийн 91 хувийг бага сургуульд хамруулж, ХДХВ-ийн шинээр халдварлалтыг 40 хувиар бууруулсан юм. Харин Тогтвортой хөгжлийн зорилтууд нь хамрах хүрээ өргөн, амбицтай, бүх нийтийг хамарсан бөгөөд МХЗ-ыг үргэлжлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. ТХЗ-ыг бүх улс орон хэрэгжүүлбэл бидний хамтын хөгжил цэцэглэлт, ​​эх дэлхийгээ хайрлан хамгаалж чадна гэдгийг ухамсарлуулах бүх нийтийн хөтөлбөр. Энэ утгаараа ТХЗ-ууд нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудад аль алинд нь адилхан хамааралтай.

Үүнээс гадна ТХЗ нь зөвхөн ядуурлыг бууруулахаас илүүтэйгээр ядуурлыг бүр мөсөн арилгах зорилттой. Мөн хэнийг ч орхигдуулахгүйгээр хүн бүр хөгжлийн үр шимийг хүртэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг зорьж байна. ТХЗ нь хуулийг дээдлэх болон энх тайван, тогтвортой, бүх талын оролцоотой нийгмийг удирдах хариуцлагатай хүчтэй институцийг бий болгох ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” -ыг батлахдаа ТХЗ-уудыг оруулж баталсан. 2030 он гэхэд Монгол Улс нь дундаж орлоготой улс орнуудын тэргүүлэх орнуудын нэг болж, ядуурлын бүх хэлбэрийг бууруулсан, экологийн тэнцвэрийг хадгалсан, тогтвортой, хүчтэй засаглалын тогтолцоог бүрдүүлсэн байхаар үзэл баримтлалдаа тусгаж өгсөн.

-Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орны яам, тамгын байгууллага, агентлагууд, Их дээд сургууль, иргэний байгууллага, олон улсын байгууллага зэргээр бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Үүнд НҮБ ямар үүрэгтэй оролцож байна вэ?

-Энэхүү түншлэлд оруулах бидний гол үүрэг нь эдгээр бүх шатны байгууллагын хамтын ажиллагааны тавцан болж хооронд нь холбож өгөх, дэлхий даяар танигдсан туршлага болон удирдамжийг санал болгох юм. Ингэснээр эдгээр байгууллагууд өөрсдийн оруулах хувь нэмрээ бүрэн ухамсарлаж чадна. НҮБ эдгээр зорилтуудад хүрэхийн тулд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, нөхөрлөл зэрэг бүх оролцогч талуудтай хамтран ажиллах болно.

Ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд НҮБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд Засгийн газартай хамтран Хөгжлийн тусламжийн хүрээ 2017-2021 (НҮБ-ын ХТХ)-ийг шинэчлэн эхлүүлээд байна. Энэ нь хүртээмжтэй өсөлтийг хангах, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд НҮБ нь дэргэдэх бие даасан агентлагуудын дэмжлэгтэйгээр оролцогч талуудтай хамтран 79 сая ам.долларын үнэ бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Засгийн Газартай хийх хамтын ажиллагааны хувьд ТХЗ болон ТХҮБ-ыг хэрэгжүүлэхэд өндөр түвшний бодлогын болон техникийн зөвлөгөө үзүүлж ажиллана. Үүнд ТХЗ-ыг үндэсний болон орон нутгийн төлөвлөгөөнд тусгах, салбарын стратеги, бодлогыг хянаж уялдуулах хэрэгслийг боловсруулах зэрэг орно. Түүнчлэн нийгэм, хүрээлэн буй орчинд үр өгөөжтэй байх, ТХЗ-д хүрэхийн тулд хязгаарлагдмал нөөц баялгийг илүү үр ашигтай зарцуулах стратегийг боловсруулснаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгаж чадна. Мөн тоон мэдээлэл оруулах болон явцыг хянах хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээлэл боловсруулах шинэлэг арга барил, их өгөгдөл ашиглан бодит хугацааны мониторинг хийх замаар бодлого боловсруулалтад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлнэ.

Үүнээс гадна ТХҮБ болон ТХЗ-д хүрэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийг оролцуулж ТХЗ-уудын санхүүгийн стратегийг авч үзнэ. ТХЗ-ийг дэлхий даяар хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 70 хувийг хувийн хэвшлээс гаргах ёстой гэж бид үзэж байгаа.

НҮБ нь үндсэн хандивлагч байгууллага байхаа болиод үйлчилгээ үзүүлэгч байгууллага болсон бөгөөд компаниудтай түншлэл байгуулж санхүүжилтийн холимог загварыг бий болгосноор хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалах хувийн санхүүжилтийг хөгжлийн тусламжтайгаар хослуулна. Мөн засгийн газар, олон нийт, иргэний нийгэмтэй хамтран ажиллах замаар тогтвортой хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадна. Түүнчлэн, хувийн хэвшлийн бизнесийн загваруудад тогтвортой байдлыг бий болгох, даацтай хөгжил авчрах төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд зориулж олон улсын туршлагыг хуваалцах болно. НҮБ нь Монгол Улсад ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах тодорхой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөөр дамжуулан хөгжлийн зорилтоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал, малчин өрхүүдэд орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх, гар утас ашиглан улсын хэмжээнд эрүүл мэндийг сайжруулах, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт.

-Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар ярихын тулд мэдээллийн эх үүсвэр шаардлагатай болж байна. Тодруулбал, статистикийн мэдээлэл. Үүнтэй холбоотойгоор статистик мэдээллийн ач холбогдлын талаар яалт ч үгүй хөндөж таарах нь. Тогтвортой хөгжлийг статистиктай холбоод байгаа цаад утга учир, ач холбогдлыг тайлбарлахгүй юү?

-ТХЗ-ийн гол санаа нь 'хэнийг ч ардаа үлдээхгүй' гэсэн утгатай юм. Тиймээс хүн бүрийг, ялангуяа хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг тооцох нь чухал. Бодлого боловсруулах болон төсвийн шийдвэр гаргах, ТХЗ-ийн хэрэгжилтийг хянахын тулд шийдвэр гаргагч нарт үнэн зөв, цаг үеэ олсон, чухал, хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар мэдээлэл хэрэгтэй.

Дэлхий дээр урьд өмнө байгаагүй мэдээллийн хувьсгал болж байгаа бөгөөд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл хуваалцах техник технологийг инновацийн тусламжтайгаар бий болгосноор сүүлийн жилүүдэд мэдээллийн чанар, хүртээмж улам сайжирч байна.

ТХЗ-ууд нь хүн бүрийг өөр өөр зүйлийг хийхийг шаарддаг тул бид үүнийг дагаж мөрдөх арга замыг хайж олох хэрэгтэй. Нийгмийн бүхий л салбарт гарах өөрчлөлтийг хянахын тулд тоон мэдээллийн шинэ эх сурвалжийг олох нь чухал ач холбогдолтой юм. Гэсэн хэдий ч статистикийн салбарын чадавхыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин бүрд статистикийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна. Энэ нь хялбар биш бөгөөд шинэ аргуудыг хөгжүүлэх, мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний  тулд бүх хамтрагч байгууллагууд, оролцогч талууд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх, техникийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн мэдээллийн системийг бий болгоход ашиглах мэдээллийн шинэ эх үүсвэр, инновацийг бий болгоход хамтарч ажиллах ёстой.

-Та “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний чуулганд оролцсон. Энэ үеэр ямар илтгэл, мэдээлэл хүргэсэн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?

-Би илтгэлдээ Монгол Улсад ТХЗ-ыг нэгтгэх болон хэрэгжүүлэхэд тоон мэдээллийн үүрэг оролцооны талаар анхаарч ярьсан. Түүнчлэн ТХЗ-ын бодлогын уялдаа холбоо, мониторинг, үнэлгээ, санхүүжилтийн ач холбогдлыг талаар ч хөндсөн. Мөн НҮБ хэрхэн Монгол Улсын ТХЗ-ыг дэмжиж байгаа талаар ярилцсан.

-Манай улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх боломжийг та хэрхэн харж  байна?

-Монгол Улс Ардчилсан нийгэм  рүү шилжсэн цагаас хойш хөгжлийн чухал өсөлтийг бий болгож чадсан. Сүүлийн 25 жилд МУ-ын ардчилсан засаглал, хүний эрхийг бэхжүүлэхэд гаргасан ахиц дэвшил нь энэ бүс нутагт ардчиллын загварыг бий болгосон. 2015 онд хүний хөгжлийн түвшин анх удаагаа өндөр үзүүлэлттэй гарсан. 2016 онд гаргасан хүний хөгжлийн индексээр 187 орноос 92-т жагсаж байна. 1990 оноос хойш дундаж наслалт 9.5 жилээр, сургуульд хамрагдалт 4.6 жилээр, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 124 орчим хувиар өссөн байна. Мөн 2014 оныг хүртэл хагас сая хүнийг ядуурлаас гаргасан байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын хөгжлийн өсөлт эмзэг хэвээр байна. 2015-2016 онд түүхий эдийн үнэ буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотойгоор Монгол Улсын ядуурлын түвшин дахин өсөж 2014 оны 21.6 хувьтай харьцуулахад гурван хүн тутмын нэг нь (29.6 хувь) ядуу байна. Эдийн засгийн тогтворгүй байдал, бараа, бүтээгдэхүүний хараат байдал, бодлогын тодорхойгүй байдал зэргээс шалтгаалж ирээдүйд ядуурал нэмэгдэх дүр зураг харагдаж байна.

Эдийн засгийн ахиц дэвшил нь байгаль орчны доройтлын зардлын хэмжээгээр гардаг. Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг орнуудын нэг. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд дундаж температур нь 2° С-ээс ихсэж, аль хэдийн зайлсхийхээр оролдож буй хязгаарт хүрсэн ба дэлхийн дундаж температураас гурав дахин өссөн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ган, зуд зэрэг гамшиг нь малчдад дарамт болж, хөдөөгийн амьжиргаанд заналхийлж байна.

Энэ нь Улаанбаатар хот руу шилжин суурьшихад хүргэж улмаар агаар, ус, хөрсний бохирдлын шалтгаан болж байгаа юм. Орон сууцгүй, гэр хорооллын айлууд өвлийн улиралд нүүрс түлж гэр хорооллын агаарын бохирдол үүсгэж байгаа бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан аюулгүйн хязгаараас 30 дахин их,  хүний эрүүл мэндэд ноцтой аюул бий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, арилгахад ихээхэн хүчин чармайлт шаардлагатай бөгөөд НҮБ энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнд усны нөөцийг хамгаалах, зохицуулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, орон сууц, дулаалга зэргийг хамруулна.

МУ-ын Засгийн газар Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар дамжуулан эдгээр сорилтыг даван туулах талаар амлалт өгсөн. 2016 онд шинэ Засгийн газар нь Үндэсний хөгжлийн газар (NDA)-ыг байгуулсан бөгөөд ТХЗ, ТХ-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд урт хугацааны төлөвлөлтөд хяналт тавих болон бодлогын уялдаа холбоог бий болгох зорилготой. Мөн бүс нутгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтыг хариуцах юм.

МУ-ын дараагийн алхам нь ТХЗ-ын үзэл баримтлал болон ТХ-ийн үзэл баримтлалыг орчуулан нарийвчилсан төлөвлөгөөнд оруулах, бүх түвшний салбарын бодлого, засгийн газрын төсөвт тусгах явдал юм. Ардчилсан нийгэм рүү шилжсэн үеэс хойш хийгдсэн хөгжлийн чухал үр ашгийг хамгаалах болон сүүлд хийгдсэн өөрчлөлтүүдээс ухрахгүйн тулд эдгээр төлөвлөгөө нь ЗГ-ын хөрөнгө оруулалтын тэргүүлэх ач холбогдлыг тогтоож нийгмийн үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнүүдэд чиглүүлэх, төсвийг хумих нь чухал юм.

-Тогтвортой хөгжлийг бий болгохын тулд манай улс гаднын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаагийн нэг нь НҮБ. Зөвхөн тогтвортой хөгжил бус маш олон талаар хамтран ажилладаг. Танай байгууллага манайтай хамтарч явуулж байгаа сүүлийн үеийн мэдээлэл, үйл ажиллагаануудаас дурдахгүй юү?

-НҮБ-ын хөгжлийн тусламжийн (2017-21) хүрээнд бид Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал 2030 болон Тогтвортой Хөгжлийн Зорилтод тусгагдсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжихийн төлөө хамтран ажиллана. Дараагийн таван жилийн гол зорилго нь байгалийн асар их нөөц баялагт тулгуурлан бүх хүмүүст ашиг тустай хөгжлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд бидний гол анхаарал хандуулах салбарууд нь илүү сайн ажлын байртай уян хатан бүлгүүдийг байгуулж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна хариуцлагатай, ил тод Засгийн газрын байгуулалтыг бэхжүүлэх, шийдвэр гаргах бодлогын түвшинд эмэгтэйчүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зэргээр хүний эрхийг дэмжиж ажиллана.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :