Нийтэлсэн: 2017 он 12 сар 08. 12 цаг 57 минут
Статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, олон нийтэд мэдээлэх зэрэг шат дамжлага бүрийн чухал хэсэг нь мэдээлэл цуглуулах үйл явц байдаг. Тухайн мэдээллийг мэдээлэгчээс үнэн зөв авсан эсэхээс хамаарч мэдээллийн чанарт шууд нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Аж ахуйн нэгж, байгууллагын статистикийн мэдээллийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн жил бүр дүүргүүдийн статистикийн хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулж байгаа. Тодруулбал, 2016 онд Баянгол дүүргийн статистикийн хэлтэстэй хамтран тус дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагынханд сургалт зохион байгуулсан бол энэ удаа Хан-Уул дүүргийн статистикийн хэлтсийнхэнтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар статистикийн анхан шатны мэдээ, тайланг гаргаж өгөхөд анхаарах асуудал, статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол, цахим хэлбэрээр мэдээллээ хэрхэн авах талаар танилцууллаа. Мөн статистикийн анхан шатны мэдээ, тайланг гаргахад тулгарч буй бэрхшээл, санал, хүсэлт, сонирхож буй асуултад хариулт өглөө.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн статистикийн хэлтсийн дарга О.Гэрэлээс тус дүүргийн аж ахуйн нэгж байгууллагын болон сургалтын талаар тодруулахад “2016 оны байдлаар манай дүүрэгт 11633 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 3000-ыг түүврийн аргаар сонгож сар, улирал, жилийн давтамжтайгаар тоон мэдээллээ цуглуулж, боловсруулж, гаргадаг. Өнөөдрийн сургалтаар аж ахуйн нэгж байгууллагууд бидэнд анхан шатны мэдээлэл өгөхөөс гадна эргээд энэ мэдээллийг өөрсдийн бизнес, үйл ажиллагаандаа хэрхэн зөв ашиглах ямар ач холбогдолтой болох зэргийг хүргэхээр зорьж байна” гэв.
Сургалтад барилгын үйлдвэр, зоогийн газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, сүм хийд, худалдааны байгууллага, аялал жуулчлалын компани зэрэг Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо. Оролцогчид “Бид мэдээлэл өгдөг ч өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашиглах нь ховор юм байна. Зарим мэдээллийг хаанаас хэрхэн авахаа мэддэггүй байсан. Өнөөдрийн сургалт ихээхэн ач холбогдолтой боллоо” гэсэн юм.


Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :