Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 18 цаг 50 минут

Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-ноос 17-н хүртэл зохион байгуулсан. Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист малчны хотонд мал тооллогын ажил зохион байгуулж хажуугаар нь хяналт, мониторинг ч зэрэг явж байгаа. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан өчигдөр буюу 17-нд мал тооллогын хяналтаар Хэнтий аймагт ажиллалаа.

Тус аймгийн 18 сумын 88 багт мал тооллогын ажил зохион байгуулснаас хоёр сум нь мал тоолох, мэдээллээ онлайн програмд шивэх ажлаа аль хэдийн дуусаж хяналтын ажилдаа оржээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Улсын хэмжээнд мал тооллогын ажил эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд хяналтын ажлаа бүх сумдад зохион байгуулж ажилласан. Манай аймаг өнгөрсөн онд 3.9 сая мал тоолуулсан энэ онд малын тоо өсөлттэй гарах төлөвтэй байна. Тодруулбал, дөрвөн сая гаруй мал тоолуулах урьдчилсан тооцоо гарсан. Хорогдол бага гаргаж байж малын тоогоо барина. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл өвс, тэжээлийн нөөцөө хангаж сумууд руу хуваарилан хүргэж байна” гэв. Мөн Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ц.Батхишигээс мал тооллогын ажил хэдэн хувьтай явж байгаа талаар тодруулахад “Жилийн эцсийн мал тооллого 10 хоног үргэлжилж өнөөдөр дуусаж байна. Хэнтий аймгийн хэмжээнд 18 сум 88 багийн малыг тоолж дуусаад шивэлтийн ажилдаа орсон. Одоогийн байдлаар Галшар, Биндэр сумууд мэдээлэл шивэлтийн ажлаа дуусаад хяналтаа хийж эхэлсэн. Аймгийн хэмжээнд мэдээлэл шивэлтийн ажил 63 хувьтай явж байна. Мал тооллогын комисст 240 хүн ажилласнаас хяналтын тооллогод 147 хүн ажиллаж байна. Энэ сарын 22-нд ажлаа бүрэн дуусгаж Үндэсний статистикийн хороонд мэдээлнэ” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас малчдын тэтгэврийн насыг таван жилээр багасгах талаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуулийг 2017 онд УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор мал тооллогын асуулгын маягтад малчдын мэдээллийн хэсэг шинээр нэмэгдэж орсон нь ямар нэг бэрхшээл учруулаагүйг дурдсан. Энэ мэт мал тооллогын ажил аймгийн хэмжээнд ямар байгаа талаар ерөнхий мэдээллээ авсан хяналтын комиссынхон газар дээр нь очиж хянаж, шалгахаар Мөрөн сумыг зорилоо. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга болон багийн дарга нартай уулзаж мал тооллогын ажлын явцтай танилцсан.

Хэнтий аймгийн Мөрөн сум 2016 онд 174 мянган мал тоолуулжээ. Тус сумын Засаг дарга Н.Батцоож өнгөрсөн долоо хоногт аймгийнхаа Хөдөө аж ахуйн газрынхантай сумынхаа малчин өрхүүдээр хяналтын ажлаар явсан байна. Тэрбээр “Хяналт шалгалтын ажлаа чанартай хийж байж үнэн мэдээлэл гаргах тул зарим айлын мал бэлчээрээс ирэх хүртэл нь хүлээж дахин тоолж шалгасан. Энэ үеэр ямар нэг ноцтой алдаа гараагүй, тоочид сайн ажилласан нь ажиглагдаж байна” гэв. Мөн хяналтын үеэр малчид бэлчээрийн даац түүнд авах арга хэмжээний талаар санал бодлоо хэлсэн бөгөөд хуучин авч байсан малын хөлийн татварыг малын тооноос нь хамаарч тодорхой хэмжээнд зааж өгөх талаар санал бодлоо хуваалцсан байна. Үүнээс сүүлийн жилүүдэд зайлшгүй анхаарах зүйлийн нэг нь бэлчээрийн даац, түүнд төрийн зөв бодлого хэрэгтэй байгааг харж болохоор. Багийн дарга нар мал тооллогын шивэлтийн ажил хэдэн хувьтай явж байгаа талаар танилцуулсан бөгөөд малын програм дээр шивэлт хийх явцад ямар нэг асуудал гараагүй аж. Тус сум аймгийн төвөөсөө 30 км-т байдаг бөгөөд шилэн кабельд холбогдсоноороо давуу талтай. Энэ жил тус суманд төдийгүй Хэнтий аймгийн ихэнх нутагт зуншлага муу болсон тул бод мал тэр дундаа адуу нь хол идээшлээд явчихсан тул тоолоход бэрхшээлтэй байсныг дурдаж байв. Мөн мал тооллогын мэдээллээ шивэхэд интернэтэд холбогдсон хэдий ч зөөврийн болон, суурин компьютер хангалттай хүрэлцээгүй тул Засаг даргын Тамгын газарт ирж ээлжлэн тоогоо шивж байсан юм.

Мөрөн сумын багийн дарга нартай уулзаад малчныд очихоор хөдөллөө. Нар орохоос өмнө малаа тоолох гэсэн хяналтын комиссынхон нартай уралдан дөрөө жийсээр зорьсон газраа ирлээ.

Малын өтөг бууц, өвлийн цэнгэг агаар холилдон үнэртэж, хонь, ямаа амнаасаа уур савсуулан хивж зогсох, малын хашааны хажууд ярайтал нь өрсөн хөрзөн гээд л нэг тийм тайван, дулаахан өнгөтэй зураглалыг малчин айлын өвөлжөөнөөс харж болохоор. Хойморт байгаа арслантай бор авдраас малын “цоохор”-оо (мал тооллогын тэмдэглэл хийсэн цаас) гаргаж ирэх малчны сэтгэл цаанаа л тавиун. Учир нь энэ нь малчдын эд хөрөнгийнх нь бүртгэл л гэсэн үг.

Мөрөн сумын мянгат малчин Б.Ган-Эрдэнийнх Салбар уулын Зүүн бууц нэртэй газар гурван үеэрээ өвөлжиж байгаа бөгөөд энэ жил мянган мал тоолуулжээ. 2011 оноос хойших “малын цоохор”-оо нямбайлан хадгалсан тэд өнгөрсөн жил мянган мал тоолуулахад 10 гаруйхнаар дутаж энэ жил мянган мал тоолуулсан байна.

Мал тооллогын хяналтын комиссынхон хэн нь хонь, хэн нь ямаа тоолохыгоо тохироод 10 мал гаргаад л нэг хуруугаа дарна 10 хуруу дарвал 100 мал гэсэн үг. Хонь год год үсрээд л, ямаа дуртай дургүй хашаанаас гүйж гарна. Энэ мэтээр хяналтын тооллого хийхэд гурван хонь дутчихлаа. Айлын эзнээс тодруулбал, тооллого хийлгэсний дараахан гурван хонь сумын төв рүү идшинд явуулсан байна. Тооллого хийсэн өдрийг харахаар яг таарч байгаа юм. Тэгэхээр өмнө нь тоолсон тоо хяналтаар тоолсон тоо зөрөхгүй байна гэсэн үг.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагаас улсын хэмжээнд зохион байгуулсан мал тооллогын ажил болоод хяналт, мониторингийг хэрхэн явуулж буй талаар тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллого өнгөрсөн долоо хоног үргэлжилж өнөөдөр (17-нд) дуусаж байна. Энэ хугацаанд бүх шатны статистикийн тоон мэдээлэл гаргадаг сум, багийн Засаг дарга, аймаг, нийслэл дүүргийн статистикийн хэлтсийнхэн оролцож мөн хажуугаар нь хяналтын ажил зохион байгуулсан. Өнөөдөр бид Хэнтий аймгийн Мөрөн сумын V багт хяналтын тооллого хийж байна. Монгол Улс өнгөрсөн жил 61.5 сая мал, 180 гаруй мянган малчин өрх тоолуулсан. Энэ онд малын тоо 2016 оноос өсөлттэй гарна гэсэн урьдчилсан тооцоотой байна. Шинэ оноос өмнө урьдчилсан байдлаар танилцуулна. Мэдээллийг програмд шивж төв рүү шууд дамжуулж дахин хянаж мэдээллээ боловсруулдаг тул  хяналттай, үнэн бодит мэдээлэл гардаг. Мөн мал тооллогын маягтаа шинэчилж баталсан. Малчдын тэтгэврийн насыг наашлуулсантай холбоотойгоор малчидтай холбоотой мэдээллийг нарийвчилж гаргах шаардлага бий болсон. Өмнө нь мал тооллогоор малчин өрхийн мэдээлэл авдаг байсан бол одоо малчин хүнтэй нь холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч байгаа. Мөн амаар тоо авч байна, малын тоо зөрж байна зэрэг шүүмжлэл багагүй гардаг. Эдгээрийг үнэн, бодитой зөрүүгүй  болгоход давхар, давхар хяналт хийдэг. Мөн малчин өрх банкнаас зээл авахад тухайн малчны харьяалагддаг сумын Засаг дарга, багийн дарга нар малын тоогоор нь тодорхойлолт гаргаж өгдөг. Хэрвээ буруу мэдээлэл гаргавал өөрөө үүрэг хариуцлагыг нь хүлээдэг тул малын тоог худал мэдүүлэх боломжгүй. Энэ мэт эерэг өөрчлөлтүүд цөөнгүй байна” гэсэн юм.

Малчны хотонд хяналтын тооллого хийж дуусахтай зэрэгцээд нар уулын цаагуур орлоо. Монгол Улсын өнцөг булан бүрт энэ мэтээр мал тооллогын ажлыг хянаж, шалгаж тоог нь тулгаж байгаа. Хяналтын комисс буцахдаа цасанд сууж цас малтах, машинаа татуулах түлхэх гээд монголын хөдөө талд юу эс тохиолдох билээ.

Өвлийн улиралд мал тооллого явуулж буй нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай аж. Тодруулбал, малчид өвөлжөөндөө суурьшчихсан, нүүж суух хөдөлгөөн нь харьцангуй багассан байдаг тул тоон мэдээллийн чанарт ч нөлөөлдөг аж.

Энэ бүгдэд бэлтгэлтэй, болгоомжтой, явахаас эхлээд тоологч, хянагчдад өндөр хариуцлага бий. Хяналтын комисс ажиллах хугацаанд малчид бэлчээрийн даац, цөлжилттэй холбоотойгоор малын хөлийн татварыг шаталсан байдлаар авдаг болгох, малын эмч, мал эмнэлгийн тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах зэрэг санал, хүсэлтээ илэрхийлж байв. Мал тооллогын дүнг оноос өмнө Үндэсний статистикийн хорооноос мэдээлнэ.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :