Нийтэлсэн: 2017 он 12 сар 19. 18 цаг 15 минут

Үндэсний статистикийн хорооны Даргын зөвлөлийн хурлаар зургаан асуудлыг хэлэлцэж хоёр асуудлыг танилцууллаа. Тухайлбал, “Эрчим хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын төсөл, сургуулийн өмнөх боловсролын салбарын статистикийн маягт, маягт нөхөх заавар, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэл, "Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа"-ны 2018 онд явагдах дэлгэрэнгүй судалгааны маягт, маягт нөхөх зааврын төсөл зэрэг зургаан асуудлыг хэлэлцэж баталлаа.

Сургуулийн өмнөх боловсролын салбарын статистикийн маягт нөхөх зааврыг хэлэлцэж батлахад БСШУСЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Одгэрэл, статистик хариуцсан мэргэжилтэн Ю.Алтантуяа оролцлоо. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа БСШУСЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулах, цаашдаа хоёр байгууллага нэгнийхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

            Мөн өнөөдрийн хэлэлцсэн асуудлуудын нэг нь гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэл байсан юм. Учир нь манай улс гадаадад оршин суугаа иргэдийн мэдээллийг 10 жил тутамд нэг удаа гаргадаг байсан бол жил бүр гаргах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэсэн заасан ч Консулын газраас хол, бүртгүүлэх боломжгүй зэрэг шалтгаанаас манай улсын хэчнээн хүн гаднын ямар ямар улсад оршин сууж байгааг тоолж, бүртгэхээр дээрх заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яамтай хамтран гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэх онлайн програм боловсруулсан. Ингэснээр гадаадад оршин суугаа иргэд байгаа газраасаа өөрийн мэдээллийг онлайнаар бүртгүүлэх боломж бүрдэх юм. Тус хэлэлцүүлэгт ГХЯ-ны Консулын газрын зөвлөх Б.Энхбаяр оролцож цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

Дээрх асуудлаар Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг 2017 оны 6 дугаар сард байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэгт Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яамны Консулын газар, Хууль зүйн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцон ажиллаж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :