Нийтэлсэн: 2018 он 01 сар 08. 12 цаг 00 минут

Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгааны багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалт эхэллээ.

Сургалтын зорилго нь анхан шатны мэдээлэл цуглуулдаг багийн ахлагч, судлаач нарт ӨНЭЗС, АХС-ны асуулгыг зааврын дагуу үнэн, зөв, бүрэн, чанартай нөхөх чадвар эзэмшүүлэх юм. Тодруулбал, нэгдсэн нэг ойлголттой болох, судалгааны ярилцлага авах чадварыг дээшлүүлэх, асуулгын үзүүлэлт бүрийг нягт ойлгож, зөв нөхөх чадвартай байх зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл өгөх юм.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь ДНБ, ТХЗ, Хэрэглээний үнийн индексийг тооцоход шаардлагатай үзүүлэлт, тогтолцоонуудыг гаргадаг. Мөн хоёр жил тутамд Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшин ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг бүс, суурьшил, аймгийн хэмжээнд тооцон гаргадаг билээ. Харин Ажиллах хүчний судалгаа нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлж, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний хэмжээнд бүс, хот, хөдөө, аймаг, нийслэл, дүүргээр эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангиллаар улирлын нөлөөллийг тусган гаргадаг. Эдгээр судалгааны анхан шатны мэдээллийг цуглуулахад судлаачид өндөр үүрэгтэй.

Сургалтын нээлтийн үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Статистикийн мэдээллийн үнэн, зөв, чанартай мэдээлэл гаргахад анхан шатны мэдээлэл цуглуулдаг судлаачид чухал үүрэгтэй. Өнгөрсөн онд бид “Ядуурлын дүр төрх 2016” судалгааны үр дүнг танилцуулсан. Тэгэхдээ анх удаа аймгийн түвшинд тооцож гаргасан. Энэ онд явуулах дэлгэрэнгүй судалгаагаар мөн ядуурлыг аймгийн хэмжээнд тооцох, илүү сайжруулах зорилготой байгаа. Үүнээс гадна мэдээллийн нэгдсэн сантай болж давхардлыг арилгах, цаг хугацааг хэмнэх, үнэн зөв, илүү  шуурхай байх шаардлага тулгарч байна. Тиймээс бидний зүгээс судалгааны арга аргачлалаа тайлбарлахаас гадна анхан шатны мэдээлэл цуглуулдаг танарын зүгээс ямар санал хүсэлт байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна, түүнийг хэрхэн шийдвэрлэж нэгдсэн ойлголтод хүрэх зэргээр энэ таван өдрийн сургалт үр дүнтэй болох байх гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Тус сургалтыг 2014 онд зохион байгуулж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулж буй нь энэ юм. Сургалтад нийслэл, 21 аймгийн 120 гаруй судалгааны багийн ахлагч, судлаачид оролцож байна.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :