Нийтэлсэн: 2018 он 01 сар 23. 12 цаг 48 минут

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Тодруулбал, Хүүхэд хөгжил судалгаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгааг нэгтгэсэн судалгаа юм. Тус судалгааны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Удирдах зөвлөлд УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ЭМЯ, БСШУСЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ЭХЯ, Сангийн яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, НҮБ-ын Хүүхдийн сан, Үндэсний статистикийн хороо, Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Удирдлагын академи, ШУ-ны академи, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хэвлэлийн хүрээлэн зэрэг өргөн хүрээг хамарч байгаа билээ.

Удирдах зөвлөлийн даргаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Энэ судалгаагаар чухал үзүүлэлтүүдийг гаргадаг. Удирдах зөвлөлийн гишүүдийн оролцооноос ямар их ач холбогдолтой болохыг харж болно” гэв.

Судалгаагаар нялхас, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээл, өсөлт, хөгжил, хамгаалал, хөгжлийн бэрхшээл, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, төрөлт, төрөх үеийн тусламж, үйлчилгээ, үр хөндөлт, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, гэр бүл төлөвлөлт, бэлгийн зан үйл, хөгжлийн бэрхшээл болон нөхөр, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлага зэрэг цогц мэдээллийг гаргаж, ашигладаг.

Судалгааны зорилго нь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилт, Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц тунхаглал, НҮБ-ын ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаар тусгай чуулганы тунхаглал болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний цогц хөтөлбөр”, “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр” зэрэг олон улсын болоод үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тооцож, дүгнэх, үнэлгээ өгөхөд чиглэдэг.

Судалгааг Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны Дэлхийн хөтөлбөрийн аргачлалд тулгуурлан явуулдаг бөгөөд олон улсын аргачлал, арга зүй, протоколын дагуу явуулдаг билээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :