Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 19 цаг 59 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 (12.9%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 4 дүгээр улиралд 892.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.0 (6.1%) мянган төгрөгөөр өслөө. 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 (14.6%) мянган төгрөгөөр өслөө. 
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2017 оны 4 дүгээр улиралд 967.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.0 (7.7%) мянган төгрөгөөр өссөн байна. 

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.0 (8.2%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 55.0 хувь, Төвийн бүсэд 72.8 хувь, Улаанбаатар хотод 65.7 хувь, Зүүн бүсэд 49.3 хувь, Хангайн бүсэд 32.5 хувь, Баруун бүсэд 31.4 хувиар тус тус өндөр байна. 

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2017 оны 4 дүгээр улиралд Зүүн бүсэд 0.360, Улаанбаатар хотод 0.368 болж, улсын дунджаас 0.009-0.017 нэгжээр их, Баруун, Хангай, Төвийн бүсүүдэд 0.316-0.329 болж, улсын дунджаас 0.022-0.035 нэгжээр бага байна. 
Улсын дунджаар Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.002 нэгжээр, өмнөх улирлаас 0.011 нэгжээр нэмэгдсэн байна.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2017 оны 4 дүгээр улиралд 0.212 болж, өмнөх оны мөн үеэс 0.017 нэгжээр буурч, өмнөх улирлаас 0.003 нэгжээр нэмэгдсэн байна. 
Улсын хэмжээнд 2017 оны 4 дүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.2 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 42.0 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.8 дахин их байгааг харуулж байна.

Илүү дэлгэрэнгүй: http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_1900_018V1

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :