Нийтэлсэн: 2018 он 05 сар 23. 13 цаг 24 минут

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүн амын сан, Оюу толгой ХХК хамтран "Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгаа хийх" төсөл хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Тус төслийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хуралд ҮСХ-ны дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, "Оюу толгой" ХХК-ны Орон нутгийн харилцааны хэлтсийн эрх зүйн хэрэгжилт засаглалын менежер С.Сугар болон Удирдах хорооны гишүүд, төслийн багийнхан оролцов.

Өмнөговь аймагт Оюу толгойн зэс, алт, Таван толгой, Нарийн сухайт, Баруун наран, Овоот толгойн нүүрс зэрэг томоохон ашигт малтмалын орд газруудыг ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Орд газруудыг ашиглахтай холбогдон гарсан хүн амын суурьшлын шинэ бүсүүд, авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн хөгжил нь Өмнөговь аймагт нийгэм эдийн засаг, байгаль орчны эерэг, сөрөг өөрчлөлтийг бий болгож буйг зарим үзүүлэлтээс харж болно.

Эдгээр өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бодит статистикийн мэдээлэлд тулгуурлан үнэлэлт, дүгнэлт өгөх нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж гаргах зорилгоор "Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгаа хийх" төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн үр дүнд үндэсний болон Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны загвар суурь судалгаа гаргаж цаашид бусад аймагт жишиг болгон хэрэгжүүлэхээр ажиллах юм байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :