Нийтэлсэн: 2018 он 06 сар 29. 12 цаг 51 минут

Дэлхийн хүүхэд багачуудын сүүлийн хоёр зууны турш хамгийн их уншсан цөөхөн шилдэг номын нэг нь "Цаг хугацааны машин" хэмээх нэн алдартай бүтээл. Тус номын зохиогч Херберт Жорж Уэльс (Herbert George Wells) нь “Статистик нь нэг л өдөр уншиж, бичиж сурахтай адил зайлшгүй хэрэгцээтэй болно” гэж хэлсэн нь өнөөдөр бидний амьдралд биеллээ олж байна.

Мэдээллийг зөв ашиглаж, илүү сайн, оновчтой шийдвэр гаргахын тулд бид статистикийг заавал мэдэх шаардлага бий болж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-11-р ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтарсан тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага”-ыг Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран боловсруулж, өнөөдөр номын нээлтийг хийлээ.

Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Арейл Вийкоф, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл болон ном бүтээлцсэн багш, ҮСХ-ны мэргэжилтнүүд оролцлоо.

Тус гарын авлага нь сурагч тухайн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд ажиллах жишээ даалгавар, багш нь сурагчдыг хэрхэн чиглүүлэх заавар, сургалтад хэрэглэх сургалтын материал, бие дааж бодох бодлого, явцын үнэлгээ, нэмэлт бодлого гэсэн бүтэц, агуулгатай.

Дээрх номыг Дэлхийн Банкны “Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр бэлтгэн гаргасан статистикийн арга зүйн анхны гарын авлага юм. Тус номыг 8000 хувь хэвлүүлсэн бөгөөд манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 798 сургуульд үнэгүй тараах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :