Нийтэлсэн: 2018 он 07 сар 02. 16 цаг 43 минут

 

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Олон Улсын Валютын Сангийн ахлах эдийн засагч ноён Найл О Хэнлонийг хүлээн авч уулзлаа. Найл О Хэнлон нь ҮСХ-нд ирэх баасан гараг хүртэл зөвлөгөө өгч ажиллана. Тодруулбал, орон сууцны үнийн статистикийг сайжруулах, үнийн статистикийн чиглэлээр тус хорооны ажилтнуудад сургалт зохион байгуулах, хэрэглээний үнийн индекс болон үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцоог сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч, бодитой ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Мөн Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, орчин нөхцөлд тохиромжтой, олон улсын стандарт арга зүйд нийцтэй, Орон сууцны үнийн индекс тооцох арга зүй, аргачлалыг шинэчлэх, ангилал, маягтыг сайжруулах, жинг шинэчлэх, мэдээллийн эх үүсвэрийг сайжруулахад зөвлөгөө өгч, шинэ боломжуудыг нээх тал дээр хамтран ажиллана. Үүнээс гадна тооцож эхлээд удаагүй байгаа үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексүүдийн хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улам илүү сайжруулах талаар зөвлөгөө өгөх юм.

Орон сууцны үнийн индексийг 2008 оноос эхлэн улирлын давтамжтайгаар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг хамруулан тооцож байгаа. Орон сууцны үнийн хувьд суурь он, ангилал, маягт, тооцох арга зүй, аргачлалыг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд энэ онд дээрх бэрхшээлүүдийг сайжруулахаар  ажиллаж байгаа билээ.

Үндэсний статистикийн хороо нь ОУВС-тай 1991 оноос хамтран ажиллаж ирсэн.  Хамтын ажиллагааны хүрээнд хийж буй энэхүү зөвлөх үйлчилгээ нь үнийн статистикийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :