Нийтэлсэн: 2018 он 07 сар 18. 09 цаг 41 минут

Америк, Ази, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/ энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо хуралдлаа. Тодруулбал, "2020 оны тооллогын чанарыг сайжруулах шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулагдсан Хүн амын тооллогын 29 дүгээр бага хуралд Үндэсний статистикийн хорооны төлөөлөгчид оролцсон юм. Хурал 10 салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд ҮСХ-ны төлөөлөл “Хүн амын тооллогын мэдээллийг тархаах нь” сэдэвт салбар хуралдааныг удирдаж оролцлоо.

Дээрх нийгэмлэг нь хүн амын тооллого хэрхэн явуулах, шинэ техник технологи, арга аргачлалыг хэрхэн нэвтрүүлэх, хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон улс орны статистикийн байгууллагыг татан оролцуулдаг нийгэмлэг юм. Мөн 1.5-2 жилийн хугацаанд дээрх хурлыг зохион байгуулахаас гадна, судалгаа, шинжилгээ зэрэг нийгэмлэгийн зорилгын хүрээнд бусад арга хэмжээнүүдийг тогтмол  зохион байгуулдаг юм байна.

Тус хурлын үеэр нийгэмлэгийн Удирдах зөвлөл ANCSDAAP-н Ерөнхийлөгчөөр Монгол Улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяаг сонголоо. Улмаар 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна. Манай улс 2000 онд Хүн амын тооллогын 20 дугаар бага хурал, 2013 онд 26 дугаар бага хурлыг зохион байгуулж байсан туршлагатай билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс хуулийн дагуу 10 жил тутам нэг удаа зохион байгуулдаг Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сард явуулах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :