Нийтэлсэн: 2018 он 09 сар 13. 13 цаг 35 минут

Хилийн чанад дахь монгол иргэдийн үүсгэн байгуулсан ТББ-уудын нэгдсэн зөвлөл нь эх орныхоо хөгжил, гадаад сурталчилгаанд нэгдсэн бодлогоор хувь нэмрээ оруулж, төр засагтай нэгдсэн сувгаар харилцаж хамтран ажиллах зорилготой байгууллага. Мөн хилийн чанадад шилжин суурьшсан монголчуудын хоорондын харилцаа, холбоог сайжруулж, өөрсдийн мэдлэг боловсрол, үйл ажиллагаагаар улс эх орныхоо бүтээн байгуулалтыг дэмжихэд гадаадад амьдарч байгаа иргэдийг холбох зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж.

Үүнтэй холбоотойгоор хилийн чанад дахь монгол иргэдийн асуудал, хэл соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, гадаадад амьдарч байгаа иргэдийн бүртгэл зэрэг олон асуудлаар хоёр дахь өдрөө чуулж байна.

Чуулга уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Хилийн чанад дахь монгол иргэдийн бүртгэл” сэдвээр илтгэл тавьсан юм. 
Тэрбээр илтгэлдээ “Гадаадад зорчсон монгол иргэдийн тоо 2007 онд давхардсан тоогоор 990 мянга байсан бол 2017 онд 2.4 сая болж өссөн. Эдгээрээс гадаадад байнга оршин суух иргэдийн тоо 2007 онд 4.2 мянга байсан бол 2017 онд 13.8 мянга болсон. Бид гадаадад байгаа монголчуудын тоог 10 жил тутамд нэг удаа Хүн ам, орон сууцны тооллогоор гаргадаг. Энэ тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг. 2010 онд явуулсан одоо 2020 онд явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гадаадад оршин суугаа иргэдийг бүртгэж, тоолж авснаар иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Хаана, хэн амьдарч, оршин сууж байгааг улс нь мэдэж байх ёстой. Гадаадад байгаа иргэдийн үнэн, зөв мэдээлэл байх газар нь Консулын газар. Тиймээс консулын газрын үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах суурь мэдээллийг бий болгох шаардлага бий болж мэдээллийн сан үүсгэн байгуулах ажлыг 2017 оноос эхлүүлсэн” гэв. Энэ мэтээр гадаад улсад оршин суугаа иргэдээ хэрхэн тоолж, бүртгэх, мэдээллийг хэрхэн цуглуулах талаар илтгэж, 2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүнгээс сонирхууллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :