Нийтэлсэн: 2018 он 10 сар 09. 12 цаг 31 минут

Ерөнхий боловсролын сургуулийн 1-11-р ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтарсан тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага”-ыг Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран боловсруулж, 6-р сарын 29-нд тус номын нээлтийг хийсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор хот хөдөөгийн 130 гаруй багш, Боловсрол,соёл урлагийн газар, аймаг дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг хамруулсан “Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөр дэх статистикийн агуулгыг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалт Багшийн хөгжлийн ордонд болж байна.

Математикийн хөтөлбөр дэх статистикийн агуулгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох зорилготой тус сургалтын үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, МУИС-ийн сургалтын албаны дарга М.Итгэл Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.

Дээрх номыг Дэлхийн Банкны “Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр бэлтгэн гаргасан статистикийн арга зүйн анхны гарын авлага юм. Тус номыг 8000 хувь хэвлүүлсэн бөгөөд манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 798 сургуульд үнэгүй тараах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :