Нийтэлсэн: 2018 он 12 сар 05. 16 цаг 44 минут

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, ажилтнууд, дүүргийн хорооны дарга нар, нийгмийн ажилтнууд, ТББ-ын төлөөлөлд танилцууллаа.

Семинарын үйл ажиллагаанд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн,  Хан-Уул дүүргийн статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл оролцож, илтгэл тавьж оролцлоо. ҮСХ нь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г зохион байгуулсан.

Судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэлбэр, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан. Энэхүү судалгааны үндсэн үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх семинарын үйл ажиллагаанд Хан-Уул, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, ажилтнууд, цагдаагийн хэлтсийн ажилтнууд, эрүүл мэндийн төвийн зөвлөх, дүүргийн хорооны дарга нар, нийгмийн ажилтнууд, ТББ-ын төлөөлөл, дүүргийн статистикийн хэлтсийн ажилтнууд оролцлоо.

Семинар нь судалгааны үр дүнг дүүрэг, орон нутгийн түвшинд бодлого боловсруулагч, төлөвлөгч, шийдвэр гаргагч, хэрэглэгч нарт танилцуулах, нотолгоо, судалгаанд суурилсан үр дүнд үндэслэн бодлого төлөвлөлтийг хийхэд нөлөөлөх, сурталчлах зорилготой байсан юм. Семинарын үеэр бүлгийн ярилцлага зохион байгуулж, дүүрэг, орон нутгийн түвшинд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон давуу талуудыг хэлэлцэж, мөн цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, санал, зөвлөмжийг боловсрууллаа.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгээс тус дүүрэг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрхэн үйл ажиллагаа явуулж буй талаар тодрууллаа. Тэрбээр “Манай дүүрэг гэмт хэрэг, хүчирхийлэл рүү анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Бид дүүргийнхээ иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хариуцах үүрэгтэй. Үүний хүрээнд 2017 онд дүүргийнхээ холбогдох байгууллагатай хамтарч гэр бүлийн хүчирхийллийн судалгаа хийсэн. 2018 онд дүүргийн прокурорын байгууллагатай хамтраад гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл түүний хохирол хэр байгаа талаар сургалт, семинар зохион байгуулсан. Мөн цагдаагийн I,II хэлтэстэй хамтраад хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг сэдэвтэй зөвлөгөөн зохион байгуулсан. Эдгээр ажлыг зохион байгуулснаар мэргэжлийн байгууллагатай хамтарч гэр бүлийн хүчирхийлэлтэй, гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг бий болгох байсан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой шинэчилсэн хууль 2017 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн , үүнтэй холбоотой зөрчлийн болон гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар холбогдох мэдээллийг цуглуулаад цагдаа, прокурортой хамтраад ажлын төлөвлөгөө боловсруулсан. Энэ сарын эцсээр бидний зохион байгуулсан ажил хэр үр дүнтэй байсныг дүгнэнэ” гэв.

Сонирхуулахад, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аян үргэлжилж байгаа билээ.

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :