Нийтэлсэн: 2019 он 01 сар 18. 20 цаг 38 минут

Хөдөлмөрийн статистикчдын олон улсын 19, 20-р бага хурлын тогтоолоор хөдөлмөрийн статистикийн стандартуудыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын хөдөлмөрийн статистикийн аргачлалыг шинэчлэн боловсрууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн статистикийн салбарт Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд/хуучнаар/ - ын 2009 оны 01-68/94 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал"-ыг үндсэн аргачлал болгон мөрдөж байгаа билээ. Энэхүү аргачлалыг боловсруулахдаа 1982 онд болсон Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р бага хурлын тогтоолыг мөрдлөг болгосон байдаг.  

Сүүлийн жилүүдэд 13-р бага хурлаас баталсан хөдөлмөр эрхлэлтийн статистикийн аргачлал нь дэлхий дахинд хурдацтай өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн дүр зургийг бодит байдалд нийцүүлэн гаргаж чадахгүй, улмаар хөдөлмөр эрхлэлтийн бодлогод төдийлөн үр дүнтэй ашиглагдаж чадахгүй байна гэж үзсэн. Иймд 2013 онд Швейцарын Женев хотод болсон 19-р бага хурлаар ихэнх орнуудын ажиллах хүч, ажилгүйдлийн түвшнийг тооцоход ашиглаж байгаа эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, бүрэн бус ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалыг шинэчлэн, ажил, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний дутуу ашиглалтын талаар шийдвэр гаргасан байна. Уг тогтоолоор олон улс дахь хөдөлмөрийн статистикт гарсан томоохон өөрчлөлтийг дурдвал:  

  • Хөдөлмөрийн статистикийгНҮБ-ын үндэсний тооцооны системтэй зарчмын хувьд уялдуулах боломжтой болсон;  
  • Цалин авч байгаа эсэхээс үл хамааран зарим төрлийн ажлыгтооцох үзүүлэлтийг тодорхойлж, ялангуяа, өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэл явуулж буй хүмүүс, цалингүй дадлагажигч ажилтан, сайн дурын ажилтан зэргийг агуулга талаас нь тайлбарлаж, тодорхойлолтыг бий болгон хэмжих үзүүлэлтийг тогтоосон;
  • Цалин, ашгийн төлөө ажиллаж байгаа хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт, үзүүлэлтийг сайжруулсан (Ингэснээр бусад төрлийн ажил, тухайлбал, өөрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл явуулж буй хүмүүс, цалингүй дадлагажигч ажилтан, сайн дурын ажилтан зэргийг хөдөлмөр эрхлэлтээс ялгах боломжтой болж байгаа юм).
  • Хөдөлмөрийн насны дээд хязгаарыг тогтоож өгөхгүй байхыг анхааруулсан. 
  • Ажиллах хүчний дутуу ашиглалтыг хэмжихдээ уламжлалт ажилгүйдлийн түвшин гэдэг үзүүлэлтээс илүү өргөн хүрээнд авч үзсэн байна.

Мөн Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 20-р бага хурал /2018 оны 10 сар хуралдан, 11 сард тогтоол нь гарсан/-аар хөдөлмөр эрхлэлтийн статус болон хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн ойлголт шинэчлэгдсэн.

Олон улсад гарч буй эдгээр шинэчлэгдсэн стандарт ойлголт, тодорхойлолтод нийцүүлэн, өөрийн орны онцлогийг тусган Монгол Улсын хөдөлмөрийн статистикийн аргачлалыг шинэчлэн, Үндэсний статистикийн хорооны даргын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2019 оны 1-р сарын 17-ны өдрийн хамтарсан А-09/А-08 тоот тушаалаар 2019 оны 2 сарын 1-ээс мөрдлөг болгохоор баталлаа. Улсын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийн статистикийн талаарх мэдээлэл гаргаж, судалгаа явуулан, холбогдох үндсэн үзүүлэлтийг тооцоход энэхүү аргачлалыг ашиглана.

Аргачлалын тайлбарыг видео хувилбараар үзэхийг хүсвэл дараах холбоосыг дарна уу




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :