Нийтэлсэн: 2019 он 04 сар 12. 14 цаг 33 минут

Олон улсын Статистикийн институтээс зохион байгуулж буй Зурагт хуудасны уралдаанд оролцох бүтээлийн эхний шалгаруулалтыг Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж ангилал бүрт шалгарсан гурван бүтээлийг олон улсад илгээсэн.

Эхний шатанд бүтээлээ ирүүлсэн оюутан, сурагчдыг өнөөдөр Үндэсний статистикийн хороон дээр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа статистик мэдээлэл, судалгааг ашиглан бүтээлч сэтгэлгээгээр хандсанд баяр хүргэж, олон улсад бүтээлийг нь өрсөлдүүлэхээр илгээсэн оюутан, сурагчдыг өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав. Тэд зурагт хуудсаа хэрхэн хийсэн, судалгаа, статистикийг хэрхэн ашигласан талаар тайлбарлаж, бусадтайгаа санал бодлоо хуваалцсан юм.

Уралдааныг Их дээд сургуулийн бакалавр болон коллежийн оюутан, ЕБС-ийн 2000-2003 онд мэндэлсэн сурагчид, ЕБС-ийн 2003 оноос хойш мэндэлсэн сурагчид гэсэн 3 ангилалд зохион байгуулж, Үндэсний ялагчдыг тодруулан, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэхээр ОУСИ-д илгээсэн.

Олон улсад шалгарсан бүтээлийг 2019 оны 08-р сард Малайз Улсын Куала Лумпур хотноо, Олон Улсын Статистикийн Институтээс зохион байгуулах Дэлхийн Статистикийн 62-р Конгрессийн үеэр тодруулах юм.

Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс тавьсан шаардлагын хүрээнд Статистик, тоон мэдээллийн хэрэглээ, дүн шинжилгээ, тайлбар, хамаарлыг харуулсан мэдээлэл, үр дүнгүүдийг агуулсан байдал, нэмэлт мэдээлэлгүйгээр ойлгомжтой байх, дэвшүүлж буй асуудал болон үр дүн нь тодорхой бөгөөд логик утгатай байх, өөрсдийн цуглуулсан тоон мэдээлэл эсвэл өөр хэвлэн нийтэлсэн тоо мэдээллийг эх сурвалжийг дурдсан байдал гэсэн шалгууруудыг харгалзан дүгнэсэн.

Их дээд сургуулийн бакалавр болон коллежийн оюутан ангилалд МУИС-ын Бизнесийн сургууль Э.Хатантөмөр, Нийгмийн Ухааны сургууль А.Энхдөлгөөн нарын “Гэр харуулын түшмэл, цэргийн бүртгэл тооллого монголчуудын ураг удмын түүхийн чухал сурвалж болох нь” бүтээл

ЕБС-ийн 2000-2003 онд төрсөн сурагчдын ангилалд English school of Mongolia багийн “Хуванцарын дайн” бүтээл

ЕБС-ийн 2003 оноос хойш төрсөн сурагчдын ангилалд Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн "Алтай" багийн “Хог хаягдал” бүтээлүүд тус тус шалгарсан.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :