Нийтэлсэн: 2019 он 08 сар 09. 19 цаг 03 минут

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-эрдэнэ, статистикч Ч.Бат-Эрдэнэ, О.Өүжингэ, Т.Ариунсайхан, Б.Оюухорол, Мэдээллийн технологийн газрын референт Г.Жаргал нар 2019 оны Байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, программын ажиллагааны талаарх сургалтуудыг 8 дугаар сарын 9 - 11-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулж байна. Сургалтад Хангай бүсийн тооллогын сургагч багшаар ажиллах статистикийн хэлтсийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн тооллогын гэрээт ажилтнууд оролцож байна. Сургалтын үйл ажиллагааг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ХАНСГ-ын дарга А.Амарбал, Статистикийн хэлтсийн дарга Б.Адъяа нар нээж үг хэлэв.

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашигласан зэрэг онцлог талуудтай. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино. 


Байшин, орон сууцны суурь тооллогыг дэлхийн ихэнх улс орнууд хаягийн бүртгэлд суурилан явуулж байна. Монгол Улсын хувьд орон сууц болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хаягийн зургийг Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор баталсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нийцүүлэн улсын хэмжээнд хийж гүйцэтгээд байгаа юм. Иймд шинээр бий болсон хаягийн мэдээлэлд тулгуурлан үндэсний хэмжээнд тулгамдаж байгаа мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Байшин, орон сууцны тооллогыг хийх нь зүйтэй гэж үзсэн. 
Ингэснээр хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэх зэрэгт хаягт суурилсан Байшин, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтой юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :