Нийтэлсэн: 2009 он 03 сар 19. 14 цаг 44 минут

НҮБ-ын Статистикийн Комиссын ээлжит 40-р чуулган 2009 оны 02 сарын 24-27-ний өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо болж, дэлхий 140 орчим орны статистикийн байгууллага,  олон улсын 42 байгууллагын удирдлагууд, төлөөлөгчид хуран чуулсан энэхүү арга хэмжээнд  ҮСХ-ны дарга н. С. Мэндсайхан (төлөөлөгчдийн тэргүүн), МЭЗСГ-ын дарга Б. Бадамцэцэг, ХАНСГ-ын дарга Д. Оюунчимэг, ГХХ-ийн дарга Б. Саранчимэг нар оролцож, олз омог ихтэй ирлээ...
Манай төлөөлөгчид хэлэлцэж буй болон мэдээлэх асуудлуудтай холбоотой саналаа бичгээр бэлтгэн, чуулганы эхэнд уг арга хэмжээний нарийн бичгийн дарга нарын газрын даргын үүрэг гүйцэтгэгч НҮБСХ-ийн дарга н. Пол Ченг-д албан ёсоор гардуулан өгсөн бөгөөд чуулганы үеэр цаг уурын өөрчлөлт, хөдөө аж ахуйн статистик, үндэсний тооцооны зэрэг асуудал хэлэлцэх үеэр ч мөн саналаа илэрхийлж оролцжээ. Түүнчлэн, манай төлөөлөгчид чуулганы зэрэгцээ 2009 оны 02 сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан салбар хуралдаан, семинар, дээд хэмжээний форумд  оролцсон юм.
   Энэ удаагийн чуулганы өмнөх чуулгануудаас ялгарах онцлог нь

  1. Чуулган дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралтай цаг үед албан ёсны статистикийн байгууллагууд ямар үүрэг рольтой ажиллах ёстой вэ гэдгийг тусгайлсан арга хэмжээнүүдээр хэлэлцсэн,
  2. Өнөөдөр дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа  дэлхийн цаг агаарын өөрчлөлт, түүнийг тооцох, мэдээлэхэд албан ёсны статистик юуг анхаарах шаардлагатай байна вэ гэдэг асуудлыг хөндөж ярьсан,
  3. Төлөөлөгчдөд шинэлэг мэдээлэл өгөх, мэдлэг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалт төвтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

   НҮБ-ын Статистикийн Комиссын 40 дүгээр чуулганаас улс орнуудын статистикийн байгууллагуудад хандсан гол мэдээлэлд:  “...санхүүгийн хямралаас үүдэн ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурч, хямралыг хүн бүхэн мэдэрч эхэллээ.  Энэ цаг үед хямралд хариу өгөх статистик мэдээлэл түүний дотор хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгаалал, ядуурал, банк бус санхүүгийн байгууллага, өрхийн хөрөнгө, орлого, хүн амын аж байдлыг хэмжих үзүүлэлтүүдийг илүү шуурхай, тогтмол давтамжтайгаар гаргах шаардлагатай болж байна. Иймээс албан ёсны статистик нь санхүүгийн хямралтай байгаа энэ цаг үед өөрийн үндсэн зарчмуудын нэг болох ил тод байх үйл ажиллагаагаа тууштай хэрэгжүүлж, дэлхий нийтэд болж буй үйл явдлыг цаг алдалгүй мэдэрч,  шинжлэх ухааны үндэслэлтэй арга аргачлалд үндэслэсэн тоон болон чанарын   үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, тэдгээр үзүүлэлтүүдийг улам сайжруулж байх шаардлагатай байна...” гэж тэмдэглэжээ.
   Чуулганы үеэр ҮСХ-ны дарга н. С. Мэндсайхан НҮБСХ-ийн дарга н. Пол Ченг болон ДБ, АХБ, “ПАРИС 21” консорциум, НҮБ-ын АНДЭЗНК, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, АНДОСИ зэрэг хамтран ажилладаг бусад олон улсын байгууллагууд, БНСУ, Австрали, БНЭУ, Вьетнам зэрэг улс орнуудын статистикийн байгууллагын төлөөлөгчид, удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар ярилцаж, санал солилцжээ. Эдгээр байгууллагууд ҮСХ-нд урьдын адил боломжтой бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан байна. Уулзалтуудын явцад манай статистикийн салбарын харилцаа, хамтын  үнэхээр их өргөжин тэлж байгааг мэдэрч явлаа хэмээн төлөөлөгчдийн тэргүүн чуулганы үйл ажиллагаанд оролцсон тухайгаа хамт олондоо танилцуулахдаа онцлон тэмдэглэв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :