Нийтэлсэн: 2009 он 02 сар 06. 00 цаг 00 минут

-Юуны өмнө Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсонд баяр хүргэе. Ажлаа юунаас эхэлж байна, эхний ээлжинд  ямар ямар асуудлуудыг шийдвэрлэж, юуг гол зорилт болгон ажиллах гэж байна?
Баярлалаа. Юуны өмнө хамт олонтойгоо танилцах ажлын хүрээнд, ажилтан албан хаагчидтайгаа уулзлаа. Газар, хэлтсийн дарга нар, Ерөнхий менежер, Хорооны тэргүүн дэд дарга нартай уулзаж ярилцсан. Ажлынхаа хоёрдахь өдөр Хороооныхоо ажилтан, албан хаагчдын өрөө тасалгаагаар орж, хөдөлмөрийн нөхцөл байдалтай нь танилцан, үдээс хойш нь Даргын Зөвлөлийн ээлжит хурал хийлээ.
    Ажлынхаа  гуравдахь өдөр “Үндэсний Статистикийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт /МОНСТАТ/ төсөл танилцуулах уулзалтад оролцож, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн  Хөтөлбөр, Хүн амын Сан, Гадаад орнуудаас Улаанбаатарт  суугаа зарим Элчин сайд нар, Сангийн Яам, МУ-ын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн багш нар, Москвагийн Эдийн засаг, статистикийн  Их сургууль төгсөгчдийн Холбооны төлөөлөлтэй хамтдаа энэхүү тун чухал төсөлтэй нарийвчлан танилцаж, санхүүжилтийг нь тодрууллаа.
    Энэ төсөл бол  Дэлхийн банктай хамтрач УИХ-ын дэргэд байгуулах Үндэсний статистикийн Зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж,  Төрийн өмнө статистик мэдээлэл хариуцаж буй салбарын чадавхийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах  7.0 сая ам. доллараас дээш хөрөнгө мөнгө зарцуулж, таван жилийн хугацаанд гүйцэтгэх ажил. Би энэ үеэр ҮСХ-ны дарга болсоны дараах анхны тушаалаа гаргаж дээрхи төслийн хэрэгжилтэд манай Хорооноос ажиллах багийг Ерөнхий менежер Ч. Дагвадоржоор ахлуулан баталсан. Өнгөрсөн хэд хоногт Даргын Зөвлөлийн хурал, аппаратын шуурхай Зөвлөгөөн хийж, ажилтан албан хаагчидтайгаа “цасны баяр”-аа тэмдэглэлээ. Энэ хооронд статистикийн салбарын ажил хөдөлмөрийнх нь бүтээл болох сар, улирал, жилийн “статистикийн бюллетень”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн  байдлын тухай танилцуулга”, өмнөх оны ажил үйлсээ дүгнэж, шинэ оны зорилтоо тодорхойлж, тодруулж, тодотгосон удирдах ажилтны Зөвлөгөөн, хорооны хамт олны хурлын протокол, тэндээс гаргасан шийдвэр, төсөл, төлөвлөгөө, статистикийн салбарын санхүүгийн тайлан тэнцэл, ашиг орлого, хуримтлалын сан, бүтээгдэхүүн борлуулалт, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа ажлын явц, түүний төлөв байдал, цалин хөлсний тогтолцоо, ажилтнуудынхаа ажил амьдралтай танилцаад авлаа.
- Хамт олон тань ямар санагдав?     
    Хорооны ажилтнуудын 70-80 хувь нь залуучууд юм. Би ажилтан албан хаагчидтайгаа уулзах гэж хурлын танхимд ороход залуучуудын байгууллагад л ороод ирэх шиг болсон шүү. Бас хашир туршлагатай ахмадууд, ид бяр нь амтатгдсан дунд үеийнхэн ч байна. Хамт олонтойгоо Төр, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ дүүрэн биелүүлэх боломжтой юм байна гэсэн бодол анхны уулзалтаас л төрсөн дөө. ҮСХ бол үүсэж хөгжсөнийхээ 85 жилийн ойтой золгож байгаа манай улсын ууган бас мэргэжлийн байгууллагын нэг. Би хэдийвээр Статистикийн байгууллагын талаар өөрийн гэсэн ерөнхий мэдээлэлтэй авч, тус хамт олны дунд орж ирж байгаа шинэ хүн. Шинэ хүнээс шинэлэг арга барил, шинэ зүйл л хүсч хүлээдэг жамтай. Хамт олны энэхүү хүлээлтийг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилт болгоно гэдгээ эхний уулзалт дээрээ хэлсэн. Бас шинэ санаа, дэвшилтэт арга барилаар хичээнгүйлэн ажилладаг, ажлаа бүрэн хариуцдаг, шаардлагын хэмжээнд үр дүн гаргаж чаддаг л хүн надтай гар нийлж ажиллагна. Хөгшин, залуу, халх, дүрвэд, урианхай, казак, аль эсвэл  нам, эвсэл холбоо гэж би хүмүүсийг ялгаварладаггүй, зөвхөн улс эх орны эрх ашиг, байгууллагынхаа эрх ашгийг эрхэмлэнэ гэдгээ хэлсэн. Тэгж ч ажиллана.Энэхүү шаардлагыг дааж, давж ажиллах хамт олон гэдэгт би итгэл төгс байна.
    Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүй, нягт нямбай ажиллагаа шаарддаг, олон жилийн уламжлал, түүхтэй Үндэсний с      татистикийн салбарын чадварлаг хамт олонтой хамтран ажиллах болсондоо билэгшээж байгаа.
    Миний бие энэхүү өндөр нэр хүндтэй албыг хашихдаа Үндэсний статистикийн салбарт олсон ололт, амжилтыг улам бататгаж, статистикийн албаны нөр их ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, анхдагч мэдээллийн чанар, үнэн зөв байдлыг сайжруулахад онцгой  анхааран ажиллаж, албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн уялдаа холбоог хангах ажлыг шинэ шатанд гаргаж, эдийн засаг, нийгмийн талаархи асар их мэдээллийг хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх, улс орны нөхцөл байдлыг бодитой илэрхийлж чадах мэдээ, мэдээллээр цаг тухайд нь шуурхай хангахад өөрийн үйл ажиллагаагаа чиглүүлэхийг зорьж байна.
- Үндэсний статистикийн хороонд бүтцийн өөрчлөлт хийх үү, хийвэл ямар өөрчлөлт шинэчлэлт хийх вэ?
    Миний баримталдаг зарчим бол хэн ажилаа сайн гүйцэтгэж байна тэр хүн ажиллах ёстой. Тэр тусмаа статистикийн байгууллага бол үйлдвэрлэлийн технологийн тогтсон процесс болох учраас удс төрөөс ангид, мэргэшсэн байгууллага. Манайд халаа сэлгээ огт хийгдээгүй харин хамт олон сайн үйл ажиллагааныхаа менежментийг шуурхай болгох үүднээс шинэ зүйлийг эрж хайх талаар ярилцаж байгаа.
-Статистикийн байгууллагын үйл ажиллагааг улам төгөлдөршүүлэхэд, эхний ээлжинд ямар ямар асуудлыг шийдвэрлэж, юуг гол зорилт болгон ажиллах гэж байна?
    Ажиглагдсан юм юу вэ гэвэл, статистик тоо, мэдээ, мэдээлэлээр дүүрэн байна аа. Харин энэ мэдээ, мэдээллээ эх үүсвэр болгон улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил, чиг хандлага, тулгарч болох саад бэрхшээл, түүнийг хэрхэн тойрч гарах зэрэг төсөөллийг Төр, Засаг, нийгэмд боломж, бололцоогоо дайчлан, хэлж байх шаардлагатай мэт санагдсан. Хоёрт. Статистик мэдээлэл, тоо бүртгэл анхан шатандаа хэр бодитой байна вэ гэдэг дээр зөвхөн статистикийн байгууллагаар хязгаарлахгүй засаг, захиргааны нэгж, үйлдвэр аж ахуй, пүүс, компаниас авахуулаад иргэн бүр бодитой мэдээлэл өгөх нь улс орны эрх ашигт бүрнээ нийцнэ. Тийм болохоор статистик мэдээллийн үнэн бодитой байх нь анхан шатандаа алдаагүй, дээд шатандаа  дэлхий нийтийн шинжлэх ухааны аргачлалд нийцсэн байх учиртай. Анхан шатны тоо, мэдээлэл буруу зөрүү бол дээрээ ямар ч шилдэг аргачлалаар нэгтгэж бодоод нэмэргүй болох учир анхан шатны бүртгэл, тоон мэдээлэлд гойд анхаарах ёстой юм шиг санагдсан. Дээр өгүүлсэн “МОНСТАТ” төслийн хүрээнд энэ асуудалд гойд анхаарал хандуулах ёстойг төсөл хэрэгжүүлэх хүмүүст санал болгосон.
    УИХ-аас баталсан Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд шатны хөтөлбөрийн биелэлтийн явцад анхаарал тавих, оны сүүлчээр тэмдэглэх Статистикийн байгууллагын 85 жилийн ой  угтсан ажлыг эрчимжүүлэх, ажилтан албан хаагчдын цалин хөлсийг УИХ-д ажлаа тайлагнадаг бусад байгууллагын жишигт дүйцүүлэх, аль болохоор боломтой орлогоо нэмэгдүүлж, ажилтан албан хаагчдынхаа амьдралд дэм үзүүлэх, хийсэн бүтээл, зарсан оюуных нь хэмжээтэй дүүхүйц хөлс олгох, тэдний мэдлэг мэргэжлийг шат ахиулах, мэргэжилтнүүдэд хариуцсан салбаруудынхаа гүнд орж ажиллах боломж олгох зэрэг асуудлуудыг эхэн шатны гол зорилт болгон ажиллаж байна.
- УИХ-ын зарим гишүүн, зарим нам, хөдөлгөөнийхөн манай статистикийн мэдээг бусад газраас гаргасан мэдээтэй зөрдөг гэж ярьдаг. Үүний учир юу вэ?
    Өөр өөр чиглэл, өөр өөр зориулалтаар гаргадаг мэдээнүүд өөр өөр байлгүй яахав. Жишээ нь манай улсад идэвхитэй ажил хайж байгаа, өөрөөр хэлбэл  хөдөлмөрийн биржүүд дээр бүртгэлтэй хүмүүсийг Статистикийн Хороо нэгтгэж улсын хэмжээнд 30.0 орчим мянган хүн байдгийг сар, улирал, жилээр нийтэд мэдээлдэг. Харин жил бүрийн төгсгөлд гаргадаг ажил эрхлээгүй хүмүүсийн тоо гэвэл 160.0 гаруй мянгад хүрдэг. Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт  ийм хэмжээний ажлын байр шинээр буй болгоно гэсэн нь дээрхи тоог иш үндэс болгосон байж таар аа. ҮСХ хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж, ИБМА, аймаг, нийслэлийн статистикийн албад, БХЯ-ны ЗХЖШ, ГИХАЭА, ГХЯ зэрэг газрын албан ёсны тоон мэдээллийг ашиглан нэгтгэж, бодож боловсруулан хүн амынхаа тоог жилд нэг удаа гаргадаг. Хүн амаа 10 жилд нэг удаа тоолдог. Хүн амаа тоолно гэдэг ажлыг хоттой хонь тоолохтой адилтгах аргагүй ээ. Ихээхэн хөрөнгө, хүн хүч шаарддаг төвөгтэй ажил. Тархай бутархай, өргөн уудам нутагтай, нүүдэл суудал их, шилжилт хөдөлгөөн хязгааргүй, тухай бүр шилжилт хөдөлгөөний талаар тогтсон бас хатуу нягт бүртгэлгүй зэрэг олон олон шалтгаан байдаг. Манайд битгий хэл хүн ам нь нягт суурьшилтай, орсон гарсан бүхнээ цаг минудтай нь бүртгэдэг дэлхийн олон орон,   дэлхий даяараараа 10 жилд хүн амаа нэг удаа албан ёсоор тоолдог нь тийм учиртай.
    Олон мянган хүний хүч хөдөлмөр шингэсэн, НҮБ-аас  гишүүн орнууддаа мөрдлөгө болгож буй статистик аргачлалаар нэгтгэсэн тоон үзүүлэлтээ түшиглэн, нэг амтай байх нь улс орны эрх ашигт бүрнээ нийцнэ. Харин статистикийн мэдээллийн шуурхай, бодит байдлыг нэмэгдүүлэх, аргачлалаа төгөлдөршүүлэх тухайд  манай хамт олноос хийж гүйцэтгэсэн, шинэчилсэн зүйл бага бус. Хийж байгаа зүйл бас хийхээр төлөвлөсөн ажил ч байгаа.  Манай салбарын ажил үйлсийг сайжруулж, иргэддээ хүрсэн үйлчилгээг илүү боловсронгуй, аргачлал, арга зүйг нарийсгах талаар санал, шүүмжлэл, зөвлөгөө өгөх хүмүүст ҮСХ, манай аль ч байгууллагын үүд хаалга нээлттэй гэдгийг энэ ялдадмд зориуд тэмдэглэн хэлье.
- 2010 онд болох Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэлийг хэрхэн хангаж байна?
    2010 онд болох Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого нь манай статистикийн албаны өмнө тулгамдаж байгаа өргөн цар хүрээтэй, өндөр хариуцлагатай ажил гэж үзэж, түүний бэлтгэлийг эртнээс цаг алдалгүй, бүрэн дүүрэн хангаж, зохион байгуулах нь ҮСХ, төв, орон нутгийн засаг захиргааны байгууллага, ажил хариуцсан хүмүүсийн нэн тэргүүнд тавигдаж буй чухал зорилт болж байна.
    Өнгөрөгч 2008 онд Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль, тооллогын тов, тооллого зохион байгуулж явуулах Улсын комиссын бүрэлдэхүүнийг МУ-ын Их хурлаар батлууллаа. Энэ удаагийн тооллого нь тусгайлсан хуулийн хүрээнд явагдах анхны тооллого болно. Мөн тооллогын зардал хөрөнгийг тооцож, 2009 оны бэлтгэл ажлын хүрээнд гарах зардлыг урьдчилсан байдлаар улсын төсөвт тусгуулаад байна.
    Ээлжит тооллогын бэлтгэлийг ханган, чанартай зохион байгуулж, үнэн бодит мэдээлэл бий болгох хамгийн гол нөхцөл нь ээлжит тооллогод хийгдэх бүхий л ажиллагаа, ажилбар нэг бүрийг турших явдал байдаг. Тооллогын асуулгын үзүүлэлт, ойлголт тодорхойлолт, урьдчилсан дүн, мэдээний маягт, ангилал, код зэргийг боловсруулж, баталсан маягт, заавар, аргачлалын дагуу туршилтын тооллогын тоолох үйл ажиллагааг 1 дүгээр сарын 11-17-нд сонгогдсон засаг захиргааны нэгжүүдэд амжилттай явууллаа. Мөн тооллогын удирдлага зохион байгуулалт, бүтэц, сургалт, сурталчилгаа зэрэг олон үйл ажиллагааг туршиж, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлуудыг тодруулж байна. Туршилтын тооллогын үндсэн үр дүн, тайлан ирэх 3 дугаар сард гарахаар илүү олон зүйл тодорхой болох болов уу. Энэхүү тооллогын явцаас харахад цаашид анхаарч, сайжруулбал зохих тодорхой асуудлууд харагдаж байна. Тухайлбал, тооллогын зардлыг дахин нарийвчлан тооцох, тоологч, шалгагч нарын цалин, хөлсийг 2010 онд гаргахаар тооцсон байгаа нь учир дутагдалтай байна. Тооллого 2010 оны 1 дүгээр сарын 10-наас 16-нд явагдах бөгөөд оны эхэнд төрийн сангийн гүйлгээ хийгдээгүй байдагтай холбоотойгоор цалин, хоолных нь зардал хугацаа алдаж олгогдсон. Энэ байдал ирэх онд давтагдахгүй гэсэн баталгаа өнөөдөр алга.
    Ирэх 2010 оны тооллогод ҮСХ дэвшилтэт орчин үеийн технологи ашиглахыг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд тооллогод Газарзүйн мэдээллийн систем үүсгэж, дижитал газрын зураглалын сан бий болгохоор ажиллаж байна. Мөн тооллогын мэдээлэл боловсруулалтанд сканнердах технологи ашиглах талаар судалж, олон улсын байгууллагууд, донор орнуудын Засгийн газарт төсөл боловсруулан хүргүүлээд байгаа. Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор олон улсын байгууллагууд, донор орнуудаас үзүүлэх тусламж буурах, дэмжлэгээ зогсоох тал гарч болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дутагдах эрсдэл үүсэх магадлалтай юм. Тиймээс Засгийн газар буюу тооллогын Улсын комисс энэ тал дээр ихээхэн анхаарч, НҮБ, гишүүн орнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
- Таны үндсэн мэргэжил тань юу билээ. Эрхэлж буй ажилтай чинь аль хэр ойр вэ?
   
    Миний үндсэн мэргэжил математикч. ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 10 жилиийн 1-р дунд сургууль, МУИС-д математикийн багшаар 10-аад жил ажиллаж байгаад дараа нь УИХ-ын даргын зөвлөх, Байгаль орчны сайд, Түлш эрчим хүчний дэд сайдаар ажилласан.

   
Төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан. Мэргэжил маань энэ байгууллагад энэ хамт олонтой хамтран ажиллахад нилээд ойр дөт юм.
- Таны нутаг ус хаанах билээ?
- Би Улаанбаатар хотод төрсөн. Харин аав Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн. Аав маань Хэнтий аймгийн Боловсролын хэлтсийн даргаар 18 жил ажилласан юм. Улаанбаатарт төрсөн жаахан хүүхэд би Хэнтий  аймагт очиж тэнд дунд сургууль төгссөн. Удам угсаа талаасаа бол Говь-Алтай аймаг гэж болно. Гэхдээ Хэнтий аймагтай байнгын холбоотой байдаг. Найз нөхөд, анги хамт олон, танил нөхөд Хэнтийд олон бий. УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт хоёр ч удаа нэр дэвшиж байлаа.
- Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
- Манайх дөрвөн хүүхэдтэй. Эхнэр Л.Оюунчимэг. Хэлний мэргэжилтэй. Одоогоор Удирдлагын академийн магистрантурт суралцаж байгаа. Том охин маань МУИС –ийн Олон Улсын харилцааны дээд сургуульд, бусад нь дунд сургуульд суралцдаг.
- Таны хобби юу вэ?
- Хобби бол янз янз. Нас 50 дөхөж байгаа ч гэсэн юм юмыг сонирхож байдаг. Шатар, сагсан бөмбөг гээд спортод сонирхолтой. Залуудаа, зав чөлөөтэй байх үедээ радио техникийг нэлээд сонирхдог байлаа. Мөн гэрэл зураг, кино зураг авах, угаах, загас тэжээх гээд олон л зүйлийг сонирхож оролдож явлаа. Харин сүүлийн үед ажил төрлийн хэрэгцээ, шаардлагын үүднээс компьютер их ашиглаж, компьютерт байнга суралцаж байна даа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :