Нийтэлсэн: 2008 он 04 сар 03. 00 цаг 00 минут

   Үндэсний статистикийн хорооны даргын 2007 оны 01/43 тоот тушаалаар “Статистикийн тэргүүний мэдээлэгч байгууллага шалгаруулах журам” батлан гаргаж, уг журмын болзлын дагуу Улсын хэмжээнд 2007 оны статистикийн тэргүүний мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгарууллаа.
   Байгууллагын мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг орчин үеийн цахим тооцооллыг ашиглан өөрийн нөхцөлд тохируулан улам боловсронгуй болгож, мэдээлэл боловсруулалтын программ ашиглаж, анхдагч бүртгэл хөтлөхөөс эхлэн тайлан баланс, мэдээ судалгаа гаргах хүртэлх бүх үйл ажиллагаануудыг цахим хэлбэрээр, сүлжээгээр хийдэг, санхүүгийн тайлан тэнцлээ жил бүр аудитын байгууллагаар баталгаажуулдаг, статистикийн албан ёсны тайлангийн үнэн бодит байдлыг дээшлүүлэн, статистикийн албанаас зохион байгуулсан тооллого, түүвэр судалгаанд идэвхтэй бүрэн хамрагдаж, дотоод хяналтын системийг бүрдүүлэн, дунд шатны удирдлагуудын үүрэг, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх зорилгоор статистик, бүртгэл мэдээллийн нэгжийг тусгайлан бие даалган ажиллуулж, мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв шуурхай гаргаж ажилласныг үнэлж, УБТЗ-ын Удирдах газар, Ус сувгийг удирдах газар, Хаан Брой ХХК 2007 оны статистикийн тэргүүний мэдээлэгч байгууллагаар шалгарч байна...
   Болзлын дагуу шалгарсан эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад 2007 оны “Статистикийн тэргүүний мэдээлэгч байгууллага”-ын “Гэрчилгээ” олгож, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулж байна.
Түүнчлэн статистик, бүртгэл, мэдээллийн ажлыг анхан шатанд сайжруулах, түүний үнэн бодит, шуурхай байдал, хамралт, мэдээллийн боловсруулалтын чанарын түвшинг дээшлүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж, амжилт гаргасан Улаанбаатар төмөр замын удирдах газрын статистикийн бүртгэл мэдээллийн албаны дарга Д.Тамир, Ус сувгийг удирдах газрын эдийн засагч З.Алтанцэцэг нарыг “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Улаанбаатар төмөр замын удирдах газрын дарга В.Отгондэмбэрэл, Ус сувгийг удирдах газрын дарга Б. Пүрэвжав, “Хаан брой” ХХК-ын үйлдвэрлэл хариуцсан захирал Д. Лхагвабаатар, тус газрын нягтлан бодогч З. Ариунаа нарыг ҮСХ-ны “Хүндэт жуух” бичгээр шагнаж байна.
   “Статистикийн тэргүүний мэдээлэгч байгууллага” болсноор эдгээр байгууллагууд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 6 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн 7 дугаар заалтын дагуу статистикийн мэдээллийг үнэ төлбөргүй авч ашиглах; Yндэсний статистикийн салбарын түншлэгч, түшиц газар болгох; Статистикийн тэргүүний мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ажлын арга туршлагыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд хамтран зарлаж сурталчлах эрхийг эдлэх юм.
    Статистик, бүртгэл, мэдээллийн ажлыг анхан шатанд сайжруулан, мэдээ, тайлангийн үнэн зөв бодит байдал, хамралтыг нэмэгдүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн цар хүрээг харуулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа дээрх аж ахуйн нэгж, байгууллагын арга туршлагыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон “Статистикийн асуудал” сэтгүүлд хэвлэн нийтлэж сурталчлах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :