ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсад бүртгэл, статистикийн алба 1924 онд үүссэнээр мэдээллийг боловсронгуй болгох, статистикийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлага гарч ирсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол Улсын Сангийн яамны дэргэд 1924 онд байгуулагдсан нягтлан бодохын курст ЗХУ-ын мэргэжилтнүүд багшилж, бүртгэлийн арга зүйг зааж байв. Энэ нь нягтлан бодох бүртгэлд дансны давхар бичилтийн хэлбэрийг нэвтрүүлэх чухал алхам болжээ. Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч багш нар данс бүртгэлийн маягтыг 1926 оноос боловсронгуй болгох, хүн ам, мал тооллогын дүнг гаргах, албан татварыг хувь тохируулан оногдуулах тооцоо хийх, бүртгэл статистикийг сурталчлахад туслаж байжээ. Бүртгэл статистикийн ажилтан нарыг 1926 оноос эхлэн Москва хотод явуулж сургаж эхэлсэн байна. Түүнчлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийг дагалдуулан сургах явдал түгээмэл байжээ.

БНМАУ-ын үед 1980-аад оны оноос эхлэн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Ардчилсан Герман, Чехословак, Югослав, Польш, Болгар, Венгер, Вьетнам, Куба, Румын улсын статистикийн байгууллагатай хамтран ажиллаж, туршлага судалж байсан.

Зах зээл хөгжсөн орнуудын статистикийн албадтай 1990-ээд оноос эхлэн хамтран ажиллаж  эхэлсэн. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос, Япон, Турк, Энэтхэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австрали,  Вьетнам, зэрэг орны статистикийн байгууллагатай 2017 оны байдлаар хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд ажиллаж байна.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд статистикийн албаны төлөөлөгчид харилцан айлчлаж, хамтын ажиллагааны хэлбэрээ тогтож, мэдээлэл солилцохын зэрэгцээ мэргэжилтнүүд харилцан туршлага судлах, богино хугацааны сургалт зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа
эрчимтэй явагдаж байна. 

 

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монголын статистикийн албыг хөгжүүлэхэд НYБ, түүний төрөлжсөн байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой байсан. НYБ-ын төрөлжсөн байгууллагуудтай Монгол улсын статистикийн тоо мэдээлэл гаргаж өгөх, аргачлал зөвлөмж авч ашиглах, мэдээлэл солилцох зэрэг хэмжээнд хамтран ажиллаж байв.

НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (ХХ)-тэй 1970-71 оноос хамтран ажиллаж 1970 оны сүүлчээр Монголд Тооцоолох төв байгуулах Засгийн газрын санал (запрос)-ыг илгээснээс хойш хамтын ажиллагаа илүү далайцтай хөгжсөн билээ. Монгол улсад Тооцоолон бодох төв байгуулах ажилд туслах 2 үе шаттай хэрэгжих МОН-71-507 төслийг НYБ-ын ХХ-өөс 1971 онд хэрэгжүүлсэн юм. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол улсад тооцоолох электрон машин ашиглах алхам хийж, мэдээлэл боловсруулах технологид дэвшил гаргаж, цаашдын хөгжлийн үндэс суурийг тавьсан.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оноос статистикийн албаны гадаад харилцааны шинэ үе эхэлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэйгээр хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байна. Статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын жишиг стандартад нийцүүлэх, үндэсний тооцооны системийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн. Хүн ам, нийгмийн статистикийн чиглэлээр төрөл бүрийн түүвэр судалгаа явуулах, статистикийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэгт НYБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сан, Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Евростат зэрэг олон улсын байгууллагатай өргөн хүрээтэй хамтран ажиллаж байна. Yүний дотор амьжиргааны түвшний түүвэр судалгааг 1995 оноос, хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 1998 оноос тодорхой давтамжтайгаар явуулж ирлээ. Хүн ам, орон сууцны 2000, 2010 оны тооллого, Цаг ашиглалт, Ажиллах хүчний түүвэр судалгааг олон улсын байгууллагын санхүүжилт, техникийн туслалцаатайгаар явуулж ирсэн. Түүнчлэн олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр мэргэжил дээшлүүлэх сургалт семинаруудад статистикийн төв, орон нутгийн байгууллагын олон арван хүнийг хамруулж, боловсон хүчнийхээ чадавхийг дээшлүүлж байна.

Монгол Улс анх удаа 2011 онд НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэн, энэ хүрээнд ГХЯ-тай хамтран ажиллаж, НҮБЭЗНЗ –ийн 2011 оны 4-р сарын 27-ны өдрийн сэргээгдсэн хуралдааны үеэр Монгол Улс НҮБ-ын Статистикийн Комиссын жинхэнэ гишүүнээр сонгогдсон нь статистикийн салбарын төдийгүй улс орны хувьд онцлох үйл явдал болсон юм.

ҮСХ нь НҮБСК-ын албан ёсны гишүүнийхээ хувьд олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон асуудлуудыг шийдвэрлэхэд илүү идэвхтэй, амжилттай оролцож, Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлгийн гарын авлагыг Комиссын ээлжит 49 чуулганаар батлуулахаар төлөвлөж байна.

           Төв, орон нутгийн статистикийн салбарын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд олон талт хамтын ажиллагааг түлхүү ашиглаж байна. Үүнд,

  • НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисстой салбарын статистикийг боловсронгуй болгох,
  • НҮБ-ын Ази, Номхон Далайн Статистикийн Институт /АНДОСИ/ болон Япон улсын ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэй статистикийн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх давтан сургах,
  • Дэлхийн Банктай статистикийн системийн чадавхийг бэхжүүлэх төсөл, Ядуурлын тооцоолол зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

            Түүнчлэн, ҮСХ-ы үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хүүхдийн Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан, НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага,  “21-р Зууны Статистикийн Хөгжлийн Төлөөх Түншлэл” Консорциум ПАРИС21, Азийн Бүтээмжийн Байгууллага зэрэг нь дэмжиж  тодорхой чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

ОЛОН УЛСЫН СТАТИСТИКИЙН СИСТЕМД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Сүүлийн жилүүдэд ҮСХ-ны төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн Олон улсын статистикийн институт, Европын статистикийн системд идэвхтэй оролцож туршлага хуваалцан байр сууриа илэрхийлэхийн сацуу тодорхой чиглэлээр дээд хэмжээний бүлэг, техникийн зөвлөх багт орж ажилласан. ҮСХ-ны удирдлага, мэргэжилтнүүд олон улсын статистикийн системд дараах удирдах зөвлөлүүд, өндөр түвшний бүлэг, ажлын хэсгүүдэд гишүүнээр элсэн ажиллаж байна. Үүнд:

  • 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, чадавхыг хөгжүүлэх өндөр түвшний бүлэг
  • НҮБ-ын АНДЭЗНК-ын Эдийн засгийн статистикийн бүсийн хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • НҮБ-ын АНДЭЗНК-ын Хүн ам, нийгмийн статистикийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • Ази, Америк, Номхон Далайн орнуудын үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч
  • "Байгалийн нөөцөд суурилсан эдийн засагтай улс орнуудын статистикийн Улаанбаатар хотын бүлэг”ийн санаачлагч, гишүүн
  • Хөгжлийн бэрхшээлийн статистикийн Вашингтон группын гишүүн
  • Ази, Номхон далайн орнуудын Гамшгийн статистикийн Шинжээчдийн бүлэг
  • НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийг сайжруулах олон улсын стратеги” сэдэвт төслийн бүлгийн гишүүн
  • Үндэсний тооцооны Статистикийн нэгжүүдээс бүрдсэн Нарийн бичгийн дарга нарын ажлын хэсгийн гишүүн
  • Албан ёсны статистикийн шинэчлэлийн өндөр түвшний бүлгийн гишүүн
  • “Өндөр настай хүн амыг институтын хүрээнд хэмжих нь” ажлын хэсгийн гишүүн
  • “Өрх гэрийн чадамж ба шийдвэр гаргалтыг хэмжих нь” ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна

Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :