|
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 1 дүгээр сарын эцэст 36.3 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4936 хүнээр буюу 15.7 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Ховд (502 хүн), Өвөрхангай (515 хүн), Төв (520 хүн), Дархан-Уул (536 хүн), Увс (678 хүн), Баянхонгор (730 хүн), Завхан (740 хүн) аймагт нэмэгдсэн нь ажилгүй иргэдийн тооны өсөлтөнд голлон нөлөөлжээ. Архангай, Булган, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Хэнтий аймгаас бусад бүх аймаг, нийслэлд ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос нэмэгдэв. Бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 52.2 хувь нь урьд нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан, 47.8 хувь нь ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа бүртгүүлсэн хүмүүс байна. Аймаг, нийслэлийн ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүй иргэдийн хөдөлгөөнийг 2010 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар авч үзэхэд 2.9 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж (Зураг 1), 3.2 мянган иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2010 оны 1 дүгээр сард 2917 болж өмнөх оныхоос 1116 хүнээр буюу 27.7 хувиар , өмнөх сарынхаас 4054 хүнээр буюу 57.4 хувиар тус тус бага байна... Шинээр бүртгүүлсэн нийт ажилгүй иргэдийн 0.3 хувь нь цэргээс халагдаж ирсэн, 1.3 хувь нь байгууллага татан буугдсан, 2.1 хувь нь мэргэжлийн ажил олдоогүй, 3.3 хувь нь цалин багатайгаас ажлаас гарсан, 3.3 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 7.4 хувь нь сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн, 8.6 хувь нь орон тооны цомхотголд орсон, 73.7 хувь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажилгүй болсон хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болон мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон зэрэг бусад шалтгаанаар ажилгүй болжээ /Зураг 2/. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оныхтой харьцуулахад мэргэжлийн ажил олдоогүй 1.6 хувь, цалин багатайгаас ажлаас гарсан 36.6 хувь, цэргээс халагдсан шалтгаанаар ажилгүй иргэдийн тоо 66.7 хувиар өсч, харин сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 20.4 хувь, өөр газраас шилжиж ирсэн 26.7 хувь, бусад шалтгаанаар 29.3 хувь, орон тооны цомхотголоор 35.4 хувь, байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй иргэдийн тоо 44.9 хувиар тус тус буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оныхоос 3.4 пунктээр буурсан байна. Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.1 мянга буюу 52.6 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймагт улсын дунджаас өндөр 61.8-69.3 хувьтай байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.9 хувь нь дээд, 5.6 хувь нь тусгай дунд, 6.2 хувь нь мэргэжлийн анхан шатны, 65.5 хувь нь бүрэн ба бүрэн бус дунд, 3.2 хувь нь бага боловсролтой, 0.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг өмнөх онтой харьцуулахад бүрэн бус боловсролтой 1.9 хувь, мэргэжлийн анхан шатны 3.9 хувь, боловсролгүй 5.9 хувь, бага 6.0 хувь, бүрэн дунд 22.9 хувь, дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо 32.6 хувиар тус тус өсч, харин тусгай дунд боловсролтой ажилгүй иргэдийн тоо 1.1 хувиар буурсан байна. (Зураг 3). 2010 оны 1 дүгээр сард ажилгүй 1474 хүн ажилд орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 332 хүнээр буюу 18.4 хувиар, өмнөх сарынхаас 5519 хүнээр буюу 78.9 хувиар тус тус бага байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орсон бөгөөд эдгээр иргэдийн 20.5 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 79.5 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад оржээ .
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. |