НҮБ-ын Статистикийн комиссын 41-р чуулганд оролцсон ҮСХ-ны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ҮСТ-ны дарга ноён Ма Жиан Тан болон бусад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 2 дугаар сарын 24-ны өдөр уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хөрш зэргэлдээ оршдог улс орнуудын хувьд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй болохыг харилцан илэрхийллээ. Монгол улсын ҮСХ болон БНХАУ-ын ҮСТ хооронд 2005 оны 4-р сарын 14-ний өдөр Бээжин хотноо байгуулсан санамж бичгийг 2015 он хүртэл сунгаж, тодорхой чиглэлээр, тухайлбал шилжилт хөдөлгөөн,гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын статистикийн асуудлаар хоёр байгууллагын удирдлага хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцохоор шийдвэрлэлээ... Түүнчлэн, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд ҮСХ-ны зүгээс БНХАУ-ын ҮСТ-ны дарга ноён Ма Жиан Тан-ыг 2010 онд өөрийн тааламжтай үед Монгол улсад айлчлахыг урьж, тэрээр урилгыг хүлээн авсанаа илэрхийлж холбогдох бэлтгэл арга хэмжээг зохион байгуулахаар талууд харилцан тохиролцлоо. БНХАУ-ын ҮСТ нь НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран Бээжин хотод Статистикийн сургалтын институт дээр сургалт зохион байгуулж буй явдалд сэтгэл хангалуун байгаагаа тус Хорооны дарга илэрхийлж тус институт дээр зохион байгуулагдах сургалт, семинар болон бусад арга хэмжээнд Монгол улсын ҮСХ-ны төлөөлөгчдийг түлхүү оруулцуулна гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө |