NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний 8 сарын байдлаар); ОНЦЛОХ МЭДЭЭ: Хүнсний гол нэрийн барааны үнэ 2010 оны 9-р сарын 8-ны өдрийн байдлаар; ОНЦЛОХ МЭДЭЭ: Эрүүл мэнд - ЭМ №08(62); :::
 
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний 2 сарын байдлаар)
Огноо: [ 2010-03-10 08:03:00 ]
image

I. Нийгмийн үзүүлэлт
  Монгол Улсад “Ажиллах хүчний түүвэр судалгаа(АХС)”-г 2002-2003 онд анх удаа олон улсын нийтлэг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын хэлбэлзлийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон билээ. Харин “Статистикийн тухай” Монгол Улсын хуулинд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2006 оноос АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархаадаг болсон юм. ҮСХ-ны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 01/68/94 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу 2009 оны 4 дүгээр улирлын судалгааг явууллаа.
  2009 оны ажиллах хүчний 4-р улирлын судалгаанд сонгогдсон 3204 өрх 100 хувь хамрагдлаа. Судалгааны дүнгээр 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1120.3 мянга байгаагийн 596.1 мянга буюу 53.2 хувь нь эрэгтэй, 524.2 мянга буюу 46.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
  Эдийн засгийн идэвхтэй хүн амын 977.4 мянга нь ажиллагчид, 142.9 мянга нь ажилгүй иргэд байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оны 4-р улиралд улсын хэмжээнд 12.8 хувь, хотод 16.5 хувь, хөдөөд 7.9 хувьтай байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2010 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 36.0 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3728 хүнээр буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна...
  Улсын хэмжээгээр 19.5 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 2010 оны эхний 2 сарын байдлаар 3.0 мян.хүн ажилд орсны 18.1 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 81.9 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2009 оны 4 дүгээр улирлын судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 2802 өрх хамрагдлаа.
  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 349.1 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2009 оны 4 дүгээр улирлын байдлаар 368.3 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар нэмэгдсэн байна.
  Нийгмийн даатгалд 2010 оны эхний 2 сард 353.3 мян.хүн хамрагдаж, шимтгэл төлж байгаагийн 208.4 мян.хүн буюу 59.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын, 144.9 мян.хүн буюу 41.0 хувь нь төсөвт байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас 2010 оны эхний 2 сард нийт 55.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосны 73.0 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.6 хувийг тэжээгчээ алдсаны, 6.6 хувийг цэргийн тэтгэвэр тус тус эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 2010 оны эхний 2 сард 172.7 мянган хүнд олгож, 7.9 тэрбум төг зарцуулжээ.
  Улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 2010 оны эхний 2 сард 11253 болж, өмнөх оны мөн үеийнхээс 983 хүүхдээр буюу 9.6 хувь, амаржсан эх 11219 болж, 991 эхээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Улсын хэмжээгээр нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 243 болж, өмнөх оны мөн үеийнхээс 25 хүүхдээр буюу 11.5 хувь,1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 64 болж, 33 хүүхдээр нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 7 болж, 4 эхээр буурсан байна.
  1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2010 оны эхний 2 сарын байдлаар 27 болж өмнөх оны мөн үеийнхээс 3-аар өсчээ. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1-ээр нэмэгдэж, Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий, Архангай, Сүхбаатар, Дорнод аймагт улсын дунджаас 8-25-аар илүү байна.
  Халдварт өвчнөөр 2010 оны эхний 2 сард 4.9 мян. хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 974 хүн буюу 16.6 хувиар буурсны дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 404 хүн буюу 75.5 хувь, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 405 хүн буюу 29.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 189 хүн буюу 24.6 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 28 хүн буюу 8.2 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 91 хүн буюу 12.0 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 36 хүн буюу 3.8 хувиар тус тус буурч, харин сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 13 хүн буюу 2.2 хувиар нэмэгдэв. Манай улсад 2010 оны 2 дугаар сарын байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын 72 тохиолдол бүртгэгдсэнээс 20 буюу 27.8 хувь нь Улаанбаатар хотод, 52 тохиолдол буюу 72.2 хувь нь хөдөө орон нутагт гарснаас Өвөрхангай аймагт 17 буюу 23.6 хувь, Орхон аймагт 9 буюу 12.5 хувь, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт тус тус 5 буюу 6.9 хувь, Дорноговь, Өмнөговь аймагт тус тус 4 буюу 5.6 хувь, Дорнод, Дундговь аймагт тус тус 2 буюу 2.8 хувь, Дархан-Уул, Төв, Ховд, Хөвсгөл аймагт тус тус 1 буюу 1.4 хувь байна. Энэхүү вирусын халдвараар 2010 оны 2 дугаар сард Сэлэнгэ аймагт 1 хүн нас бараад байна. 2010 оны эхний 2 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын 65 тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3.0 мян.хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 576 хүн буюу 23.9 хувиар өссөн байна. Эмнэлэгт нийт 111.5 мянган хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мянган хүн буюу 5.6 хувиар нэмэгдэв.
  Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3175 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 191 хэргээр буюу 5.7 хувиар буурчээ. Зарим төрлийн гэмт хэрэг өссөн ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 4.9-53.3 хувиар буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл 38.9 хувь нь гэр, орон сууцанд, 18.0 хувь нь гудамж талбайд, 14.2 хувь нь олон нийтийн газарт, 1.3 хувь нь нийтийн тээвэрт, 2.7 хувь нь төрийн байгууллагад, 2.1 хувь нь төрийн бус байгууллагад, 4.4 хувь нь аж ахуйн нэгжид, 4.5 хувь нь авто зам дээр, 13.9 хувь нь бусад газарт үйлдэгджээ.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
  Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 1.5 хувь, гэр ахуйн тавилга, барааных 1.1 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.1 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 8.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 2.9 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 1.0 хувиар тус тус өсчээ. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, тээврийн бүлгийнх 0.9 хувиар буурч, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад Өмнөговь аймагт 0.2 хувиар буурсан бөгөөд бусад 20 аймаг, Улаанбаатар хотод 0.3-7.7 хувиар өссөн байна.
  Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2010 оны 2 дугаар сарын эцэст 2960.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 89.0 тэрбум төг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 645.2 тэрбум төг буюу 27.9 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 2 дугаар сарын эцэст 352.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төг буюу 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 45.0 тэрбум төг буюу 11.3 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 2 дугаар сарын эцэст 2682.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 7.6 тэрбум төг буюу 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.3 тэрбум төг буюу 0.1 хувиар буурчээ.
  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 2 дугаар сарын эцэст 142.8 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 20.3 тэрбум төг буюу 16.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 тэрбум төг буюу 0.1 хувиар тус тус өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 2 дугаар сарын эцэст 442.5 тэрбум төг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхаас 15.7 тэрбум төг буюу 3.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 243.9 тэрбум төг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна.
  Үнэт цаасны арилжаа 2010 оны 2 дугаар сард 18 удаа явагдаж, 1.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 3.8 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Арилжигдсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 2.8 сая ш буюу 3.7 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 8.5 сая ш буюу 3.2 дахин буурчээ. Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 1.3 тэрбум төг буюу 3.0 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 тэрбум төг буюу 39.0 хувиар өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхний 2 сард 326.7 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 378.1 тэрбум төг болж, нийт тэнцэл 51.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 60.8 тэрбум төгрөгөөр буурахад төсвийн орлогын өсөлт зарлагынхаас 53.8 пунктээр их байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 311.8 тэрбум төг, урсгал зардал 348.4 тэрбум төг болж,урсгал тэнцэл 36.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 119.9 тэрбум төг буюу 74.8 хувиар өсөхөд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 37.0 тэрбум төг буюу 227.4 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 33.5 тэрбум төг буюу 2.2 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварынх 14.4 тэрбум төг буюу 34.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
 Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 15.0 тэрбум төг буюу 91.3 хувиар өсөхөд навигацийн орлого 5.3 тэрбум төг буюу 5.2 дахин, төсөвт газрын өөрийн орлого 8.6 тэрбум төг буюу 2.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2010 оны эхний 2 сард 378.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 88.7 тэрбум төг буюу 30.7 хувиар өссөнд татаас, шилжүүлэг 74.6 тэрбум төг буюу 60.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардал 2010 оны эхний 2 сард 23.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 тэрбум төг буюу 35.8 хувиар өсчээ. Хөрөнгийн зардлын өсөлт нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 7.7 тэрбум төг буюу 49.9 хувиар өссөнөөс голлон шалтгаалжээ. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2009 оны IV улиралд 137.2 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 156.4 сая ам.доллар буюу 53.3 хувиар буурчээ. Үүнд барааны тэнцлийн алдагдал 15.6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 207.6 сая ам. доллар буюу 93.0 хувиар  буурсан нь нөлөөлсөн байна.
  Хөрөнгө ба санхүүгийн данс 2009 оны IV улиралд 363.3 сая ам.долларын ашигтай гарч, 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.0 сая ам.доллар буюу 17.8 хувиар өссөн байна. 2009 оны IV улиралд 284.1 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 157.5 сая ам.доллар буюу 2.2 дахин өсчээ. Үүнд манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 184.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.2 сая ам.доллар буюу 1.4 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
  Манай улс 2010 оны эхний 2 сард дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 607.6 сая ам.доллар, үүнээс экспорт 311.7 сая ам.доллар, импорт 295.8 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 169.4 сая ам.доллар буюу 38.7 хувь, үүний дотор экспортын хэмжээ 79.3 сая ам.доллар буюу 34.1 хувь, импортын хэмжээ 90.0 сая ам.доллар буюу 43.7 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 2 сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч, өмнөх оны мөн үеийнхээс 10.6 сая ам.доллар буюу 40.0 хувиар багасав.
  Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд зэсийн баяжмалын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8 дахин, үнийн дүн 8.0 дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн нь 3.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
  Улсын хэмжээгээр 2010 оны эхний 2 сарын байдлаар 2.1 мянган тэмээ, 110.7 мянган адуу, 186.4 мянган үхэр, 1196.2 мянган хонь, 1901.9 мянган ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 7.7 хувьтай тэнцэх 3397.4 мянган том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын дийлэнх буюу 56.0 хувийг ямаа эзэлж байна. Том малын хорогдол 2010 оны эхний 2 сард 2002 оноос хойшхи онуудын бүтэн жилийн хорогдлоос давсан байгаа бөгөөд дээрх хугацааны жилийн дундаж хорогдолтой харьцуулахад 3.7 дахин их байна.
  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт 2010 оны эхний 2 сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 266.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38.7 тэрбум төг буюу 17.0 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 17.0 хувиар өсөхөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал болон цайр, хайлуур жоншны баяжмал, нүүрс, газрын тос, бүх төрлийн малын мах, гурил, архи, дарс, пиво, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2010 оны эхний 2 сард 507.3 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард нийт 3.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 2.6 тэрбум төгрөг буюу 66.3 хувь нь дотоодын, 1.3 тэрбум төгрөг буюу 33.7 хувь ньгадаадын барилгын байгууллагуудад  ногдож байна.
  Төмөр замын тээврээр 2010 оны эхний 2 сард давхардсан тоогоор 549.4 мянган зорчигч зорчиж, 2425.5 мян.т ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 36.3 мян.хүн буюу 7.1 хувь, тээсэн ачаа 424.4 мян.т буюу 21.2 хувиар өсчээ.
  Агаарын тээврээр 2010 оны эхний 2 сард давхардсан тоогоор 43.9 мянган зорчигч зорчиж, 237.0 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 9.9 мян.хүн буюу 29.0 хувь, тээсэн ачаа 53.8 тонн буюу 29.4 хувиар өсчээ.
  Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2010 оны эхний 2 сард 51.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 тэрбум төгрөг буюу 22.2 хувиар өсчээ.
  Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр 2010 оны 2 дугаар сард хамгийн их тунадас (14.4 мм) Ховд аймгийн Булган суманд орсон байна. Энэ сард агаарын хамгийн их температур Өмнөговь аймгийн Ханбогд суманд 13.2 хэм дулаан, хамгийн бага температур Увс аймгийн Тэс суманд -50.0 хэм хүйтэн, цасан бүрхүүлийн хамгийн их зузаан Төв аймгийн Угтаал суманд 103 см байжээ. Салхины хамгийн их хурд Говь-Алтай аймгийн Тонхил сум, Өмнөговь аймгийн Булган суманд тус тус 34 м/сек хүрсэн байна.
  Азотын давхар ислийн агууламж 2010 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын 1-р хороолол орчимд 13 удаа, 13-р хороолол орчимд 19 удаа, 32-ын тойрог  орчимд 15 удаа, Офицеруудын ордон орчимд 18 удаа, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1 удаа, хүхэрлэг хийн агууламж Хан-Уул дүүрэг орчимд 24 удаа, 1-р хороолол орчимд 18 удаа, 13-р хороолол орчимд 25 удаа, 32-ын тойрог орчимд 17 удаа, Офицеруудын ордон орчимд 21 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 1-р хороололд 27 удаа, 13-р хороололд 22 удаа, Дархан-Уул аймгийн Дархан суманд 27 удаа тус тус агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Аюулт үзэгдэл, осол 2010 оны эхний 2 сард 563 удаа гарсны улмаас 53 хүн амь насаа алдаж, 2.9 сая мал хорогджээ. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 522 удаа, хүчтэй цасан болон шороон шуурга 8 удаа, газар хөдлөлт 2 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 157.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 8-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 226896

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.