Гэмт хэрэг Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн байдлаар 9879 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 845 хэрэг буюу 7.9 хувиар буурчээ (Зураг 1). Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг (119), хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (38), нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (27), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг (19), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (18), хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг (10), иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг зэрэг гэмт хэрэг (6) өмнөх оны мөн үеийнхээс 237-гоор өссөн боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (902), байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг (62), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (57), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (27), үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (25), аж ахуйн эсрэг гэмт хэрэг (6), цэргийн албаны эсрэг гэмт хэрэг (3) буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2010 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс Орхон аймагт 49.7 хувь, Говь-Алтай аймагт 25.7 хувь, Архангай аймагт 10.9 хувь, Дархан-Уул аймагт 4.0 хувь, Баян-Өлгий аймагт 1.7 хувиар тус тус өсч, харин Завхан аймагт 44.9 хувь, Дундговь аймагт 32.7 хувь, Төв аймагт 27.0 хувь, Булган аймагт 26.7 хувь, Дорнод аймагт 24.3 хувь, Хэнтий аймагт 22.0 хувь, Хөвсгөл аймагт 18.9 хувь, Ховд аймагт 17.2 хувь, Сүхбаатар аймагт 16.2 хувь, Говьсүмбэр аймагт 13.9 хувь, Өвөрхангай аймагт 12.6 хувь, Өмнөговь аймагт 12.2 хувь, Баянхонгор аймагт 11.1 хувь, Сэлэнгэ аймагт 4.0 хувь, Дорноговь аймагт 3.0 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувиар тус тус буурчээ. Энэ оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 524 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин малын хулгайн гэмт хэрэг 435 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 253 хэрэг буюу 36.8 хувиар буурсан байна... Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 55.7 хувь нь Улаанбаатар хотод, 42.6 хувь нь аймгуудад, 1.7 хувь нь бусад газарт бүртгэгджээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн 47.0 хувийг хүндэвтэр, 40.2 хувийг хөнгөн, 10.8 хувийг хүнд, 2.0 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөнгөн хэргийн эзлэх хувь 3.0 пунктээр, онц хүнд хэргийнх 0.1 пунктээр тус тус нэмэгдэж, хүндэвтэр хэргийнх 2.9 пунктээр, хүнд хэргийнх 0.2 пунктээр тус тус буурсан байна (Зураг 2). Энэ оны 6 дугаар сард 1553 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 94 хэрэг буюу 5.7 хувиар буурсан байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд улсын дунджаар 2010 оны эхний хагас жилийн байдлаар 55 гэмт хэрэг ногдож байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэрэг буюу 11.3 хувиар буурсан байна. Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн сэжигтнээр тооцогдох этгээд нь тогтоогдоогүй байсан 3227 хэргийн 1263 буюу 39.1 хувийнх нь холбогдогч нь тогтоогдон яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 1.2 пунктээр буурч, нийслэлийн хэмжээнд 1.8 пунктээр өссөн байна (Зураг 3). 2010 оны эхний хагас жилд гэмт хэрэгт холбогдсон 8892 сэжигтэн, яллагдагч байгаагийн 416 буюу 4.7 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 1162 буюу 13.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 4.9 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 4.3 пунктээр буурчээ. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдад ажилгүй иргэдийн эзлэх хувь 2010 оны эхний хагас жилийн байдлаар 57.1 хувь, ажилчид, малчдынх 14.0 хувь, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагчдынх 7.7 хувь, оюутан, сурагчдынх 7.5 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийнх 6.6 хувь, төрийн албан хаагчдынх 4.7 хувь, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 1.4 хувь, бусад хүмүүсийнх 1.0 хувь байна (Зураг 4). Согтуугаар үйлдэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар нэмэгдэж, харин хүүхэд оролцсон гэмт хэрэг 30.4 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 26.8 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 12.5 хувиар тус тус буурчээ. 2010 оны эхний хагас жилд гэмт хэргийг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл, 36.0 хувь нь гэр, орон сууцанд, 19.6 хувь нь гудамж талбайд, 13.2 хувь нь олон нийтийн газарт, 6.3 хувь нь авто зам дээр, 6.0 хувь нь аж ахуйн нэгжид, 3.0 хувь нь төрийн байгууллагад, 2.4 хувь нь төрийн бус байгууллагад, 1.1 хувь нь нийтийн тээвэрт, 12.4 хувь нь бусад газарт үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 2010 оны эхний хагас жилд 3306 хүн гэмтэж, 663 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 923 буюу 21.8 хувиар, нас барсан хүний тоо 179 буюу 21.3 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2010 оны эхний хагас жилд 19890.2 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3742.8 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 4980.9 сая төг буюу 20.0 хувиар, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 547.8 сая төг буюу 12.8 хувиар тус тус буурсан байна (Зураг 5). Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 11441.5 сая төг буюу 57.5 хувь нь хувийн өмчид ногдож байна. Гэмт хэргийн улмаас нийт 9301 иргэн хохирсны 543 буюу 5.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 3469 буюу 37.3 хувь нь эмэгтэйчүүд, 664 буюу 7.1 хувь нь өөрийн буруугаас хохирсон иргэд байна. Гэмт хэргийн улмаас нийт 217 байгууллагад хохирол учирсны 143 нь төрийн байгууллага, 51 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 23 нь төрийн бус байгууллага байна. Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилд 58.4 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 5.8 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 11.5 мян.хүн буюу 16.5 хувиар, баривчлагдсан хүний тоо 935 буюу 14.0 хувиар тус тус буурсан байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД
ДАРЖ үзнэ үү. |