Үндэсний статистикийн салбарын удирдах ажилтны сургалт, семинарыг Хөвсгөл аймагт 2010 оны 7 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион явууллаа. Сургалтанд нийтдээ ҮСХ-ны удирдлагууд болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн статистикийн хэлтсийн дарга нар, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд зэрэг нийт 42 удирдах ажилтан оролцлоо. Сургалт, семинарт оролцогчид Булган аймгийн статистикийн хэлтсээр орж, ажил байдалтай танилцаж, өрөө тасалгааны тохижилт, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан нь нэлээд чухал арга хэмжээ боллоо. Мөн шинжилгээ, судалгааны ажлаар бусдыгаа хошуучлан үлгэр жишээ ажиллаж, шинжилгээ, судалгааны ажлаар 2009 онд тэргүүн байр эзэлсэн Нийслэлийн статистикийн газар, Булган аймгийн статистикийн хэлтэс өөрсдийн туршлагыг сургалт, семинарт оролцогчдод танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлаа. Сургалт, семинарын үйл ажиллагааг ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нээж үг хэлсэн бөгөөд ХАОС-ны 2010 оны тооллогын бэлтгэл ажил, анхаарах асуудлууд сэдвээр ҮСХ-ны Дарга С.Мэндсайхан, Мэдээ, тайлангийн өнөөгийн байдал, орон нутгийн санал, анхаарах асуудлууд сэдвээр МЭЗСГ-ын дарга Б.Бадамцэцэг, ХАНСГ-аас хийгдэж буй судалгааны явц, цаашид анхаарах асуудал сэдвээр ХАНСГ-ын дарга Д.Оюунчимэг, Шинжилгээ, судалгааны ажил хийх арга зүй, анхаарах зарим асуудал сэдвээр ШСГ-ын дарга А.Дэмбэрэл, Мэдээлэл боловсруулалт, технологийн асуудлууд сэдвээр МБТГ-ын дарга Б.Цэрэнханд, Аймгуудын статистикийн хэлтсүүдийн дотоод ажлыг шалган танилцсан тухай сэдвээр Ерөнхий менежер, Тамгын газрын дарга Б.Ганбат, Санхүүгийн ажлын талаар Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Хүрэлбаатар илтгэл тавилаа... Сургалтын төгсгөлд сургалтыг дүгнэж, аймаг, орон нутгийн статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон анхан шатны мэдээ, тайлангийн гаргалтанд анхаарах асуудлуудын талаар аймаг, бүс нутгаар нь нэг бүрчлэн жишээ татаж тайлбарлан заавар, зөвлөмжийг өглөө. Сургалт, семинарын хэлэлцүүлгийн үеэр гарсан асуултанд ҮСХ-ны удирдлага, холбогдох газар, хэлтсийн дарга нар хариулт өгч, сургалт, семинар үр өгөөжтэй, үр дүнтэй боллоо. Сургалт, семинарт оролцогчдод Ази, номхон далайн бүс нутгийн статистикийн институтын захирал хадагтай Ч.Даваасүрэнгээс сургалт, семинарт амжилт хүссэн мэндчилгээ ирүүлсэн байна. Тэрээр мэндчилгээндээ: Статистикийн мэдээллийн арга зүйг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг нь сайжруулах, дүн шинжилгээ хийх ажлыг өргөжүүлж, бизнесийн орчны төлөв, хандлагыг тодорхойлох замаар чанарыг нь сайжруулж хэрэглэгчдэд шуурхай, бодитой, үнэн зөв мэдээллээр цаг хугацаанд нь үйлчлэх зорилго тавьж ажиллаж, “Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусаж байна. Энэ бүхний үр дүнд орон нутгийн статистикийн мэдээллийн чанар сайжирч, аж ахуй нэгжээс болон статистикийн үндсэн нэгжтэй харьцах харьцаа, хүрээ эрс өссөн. Засгийн газраас аймаг, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааг та бүгдын гаргасан мэдээ, мэдээллийг үндэслэн дүгнэдэг болсон. Орон нутагт ҮСХ-ны даалгавараар заавал гаргадаг 5 судалгаанаас гадна нутгийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар хийдэг судалгаа, шинжилгээний цар хүрээ, чанар чансаа нь эрс өсөж, орон нутгийн байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаандаа зайлшгүй хэрэглэдэг мэдээллийн салшгүй нэг хэсэг болсон нь статистикийн ажилтны мэдлэг ур чадвар эрс сайжирч байгааг харуулж байна. Албан ёсны статистикийн мэдээллийн хэрэглээ засаг захиргааны бүх шат, албаны түвшинд ингэж эрс өсөж байгаа боловч, статистикийн салбарын өмнө цаашид шинээр хийж гүйцэтгэх, хэрэгжүүлэх ажил үүнээс ч их байна. 2010 он онцлог жил болж байна. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг бэлтгэн зохион байгуулалтын өндөр түвшинд хангаж, тооллогыг амжилттай явуулах, ХАА-н тооллогыг зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлтгэл ажлыг эхлүүлэх, Монгол улсын статистикийн салбарын нэр хүндийг олон улсын хэмжээнд бэхжүүлэн хоёр ба олон талт харилцаатай улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд Статистикийн салбарын удирдах ажилтнуудын идэвх санаачлага нэн чухал үүрэгтэй. Статистикийн мэдээллийн хэрэглээ улам бүр өсч байгаатай уялдуулж, статистикийн нэгдмэл арга зүйгээр боловсруулсан, шуурхай, цаг үеийн нөхцөл байдлыг илэрхийлж чадах мэдээллийг гаргах шаардалаг тавигдаж байна. Иймд та бүхнийг энэхүү сургалт семинараас илүү мэдлэг авч, харилцан туршлага солилцон, статистикийн мэдээллийг илүү мэдрэмжтэй, хүртээмжтэй “ ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ” болгон гэдэгт найдаж байна. |