НҮБСХ-ийн дарга Поол Ченгийн мэдэгдэл

Эрхэм мэргэжил нэгт нөхөд өө,

Энэ оны 10-р сарын 20-ны өдрийг бид анх удаагаа Дэлхийн Статистикийн Өдөр болгон тэмдэглэх гэж байна.

Энэ нь дэлхийн албан ёсны статистикчид хэмээх манай том гэр бүлийн хувьд түүхэн цаг үе юм.

Энэ өдөр бид албан ёсны статистикийн ололт амжилтыг үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар, нэгдмэл байдал гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ бол бидний бахархах ёстой мэргэжил юм.

Бодлого боловсруулах үйл ажиллагааг тоо мэдээгээр хангах, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих, нийгмийн хөгжил дэвшилд мониторинг хийхийн тулд дэлхий даяар өдөр бүр боловсруулан гаргадаг найдвартай бөгөөд сайн чанартай арвин их тоо мэдээллээрээ бид бахархах ёстой юм.

Мөн бид ил тод, хариуцлагатай байдал, сайн засаглалыг хангахын тулд бүх улс орны иргэдийг тоо мэдээгээр тасралтгүй хангаж байдаг ажлаараа бахархах хэрэгтэй.

Статистик тоо мэдээ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй байдаг ба олон нийтийн дунд хэлэлцүүлэг маргаан өрнүүлж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг юм. Статистик нь судалгаа шинжилгээний ажил, бизнесийн хөгжил, иргэний нийгэмд зайлшгүй хэрэгтэй бөгөөд нийгмийн дотор амьдарч байгаа хүн бүрийг статистикийн ашиг тусыг хүртдэг.

Бид өндөр чанартай, харьцуулагдахуйц статистик мэдээллийг гаргадаг дэлхийн статистикийн стандартыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхийн тулд олон арван жилийн турш шаргуу ажилласан билээ. Жишээ нь: 1925 онд Хөдөлмөрийн Статистикчдын Олон Улсын 2-р бага хурлаар Хэрэглээний Үнийн Индексийг баталсан. 1947 оноос хойш НҮБ-ын Статистикийн Комисс статистикийн стандарт тогтоох, дэлхийн статистикийн системийн цаашдын замыг тодорхойлох бидний ажлыг удирдан чиглүүлж ирсэн билээ. Статистикийн мэргэжлийн нийтлэг үнэт зүйлсийг тусгасан "Албан ёсны статистикийн үндсэн зарчим"-ыг НҮБ-ын Статистикийн Комиссоос 1994 онд баталсан нь бидний мэргэжлийн үүрэг хариуцлагыг улам тодорхой болгосон билээ. Энэ нь дэлхийн статистикийн хамтын нийгэмлэгийн олсон гол ололт амжилт юм.

Албан ёсны статистикийн гол эх үүсвэр нь тухайн улсын хүн амын тоо, бүтэц, онцлогийн талаарх үнэтэй тоо мэдээллээр засгийн газар болон олон нийтийг хангаж өгдөг хүн ам, орон сууцны тооллого болдог. Энэ оны 10-р сарын 1-ний өдрийн байдлаар дэлхийн 106 орон 2010 оны орчим хүн амын тооллогоо явуулж, 117 улс орон тооллого явуулах өдрөө товлоод байна. Шуурхай, үр дүнтэй байдлаар тооллогоо явуулж байгаа улс орны тоо нэмэгдэж байгаа нь бидний олсон гол амжилтын нэг юм. Энэ жил дэлхийн 3 тэрбум хүн тоологдоно.

Үндэсний тооцооны систем, ДНБ, холбогдох макро эдийн засгийн үзүүлэлтийг тооцдог бидний ажил маань дэлхий даяар явагдаж буй эдийн засгийн үйлдвэрлэлийг хэмжих найдвартай системийг бий болгож, улам бүр нарийн цогц болж буй эдийн засгийн арилжаа, үйл ажиллагаанд мониторинг хийхэд тус нэмэр болдог. Үндэсний Тооцооны Систем-2008-ыг дэлхийн бүх улс орны хамтын хүчин чармайлтын үр дүнд шинэчилэн гаргасан нь бидний бахархах ёстой нэг ажил билээ.

НҮБ-ын Статистикийн Комиссоор дамжуулан бид ердийн хөдөлгөөний статистикийн бүртгэл, хүйсийн тэгш байдал, аялал жуулчлал, эрчим хүч, худалдаа, ус, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн бусад олон чиглэлээр статистикийн шинэ тогтолцоо бий болгохоор ажиллаж байна.

Улс орнуудын үндэсний статистикийн байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж буй ажил мэргэжилдээ үнэнч мэргэжилтнүүдийн өдөр тутмын шаргуу хөдөлмөр, тэдний мэргэжлийн ур чадвар, зарчимч байдалгүйгээр дээрх бүх онолын хүрээний ажлыг хийж гүйцэтгэх аргагүй юм. Магадгүй хамгийн том ололт амжилт маань улс орнуудын хоорондох улс төр, эдийн засаг, соёлын ялгаанаас үл хамааран үйл ажиллагаагаа явуулж чаддаг гэх дэлхийн мэргэжлийн статистикийн гэр бүлийн тухай ойлголт байж болох юм.

Мэдлэгээ дамжуулах, үндэсний статистикийн чадавхийг бэхжүүлэх ажил хүн бүрийн хувьд эн тэргүүний зорилт хэвээр байх болно хэмээн бид үздэг. 2010 оны НҮБ-ын МХЗ-ийн дээд хэмжээний уулзалтаар статистикийн чадавхийг сайжруулах нь дэлхийн хөгжил дэвшилд мониторинг хийхэд чухал ач холбогдолтой гэдгийг тодорхой харуулсан. НҮБ-д ажиллаж буй бид чанартай статистик мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийж, тархаадаг сайн бүтэц, зохион байгуулалттай системээс улс орны иргэн бүр нь хамаардаг болох нөхцлийг бүрдүүлэхэд улс орнуудад туслах үүрэгтэй. Статистик тоо мэдээ нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэж, шинээр тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, бодлогын өөрчлөлтийг хийхэд бидэнд тус нэмэр болдог байх ёстой юм.

Энэ завшааныг ашиглан дэлхийн статистикийн системд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг дэлхийн бүх статистикч нарт талархлаа дэвшүүлье.

Үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар, нэгдмэл байдал гэсэн хамтын үнэт зүйлсийнхээ дор хамтдаа нэгдэж, өөрсдийн мэргэжил, статистикийн байгууллагаа дэлхийн амин чухал, нэр хүнд бүхий байгууллага болгоцгооё.