Албан ёсны статистикийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж,тоон мэдээллийн ач холбогдол, ололт амжилтыг сурталчлан таниулах зорилгоор 2010 оны 10 дугаар сарын 20-нд дэлхий даяар статистикийн өдрийг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблей гаргасан бөгөөд "Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар, нэгдмэл байдал" уриан дор Дэлхийн статистикийн өдөрт зориулсан арга хэмжээ 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Япон төв дээр эхэллээ.
Энэхүү өдөрлөгийг нээж ҮСХ-ны тэргүүн дэд дарга, ноён Г. Гэрэлт-Од, Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг ахлах зөвлөх Л.Дашдорж, УИХ-ын даргын мэндчилгээг ахлах зөвлөх С.Банзрагч, Ерөнхий сайдын мэндчилгээг эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр нар уламжлан хүргэв. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу үг хэлж, энэ өдөрлөгийн үеэр 2010 оны сум, баг, хорооны статистикийн шилдэг ажилтнуудад болон Дэлхийн статистикийн өдөрт зориулсан зурагт хуудасны уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардууллаа.
Өдөрлөгт Үндэсний статистикийн хороо болон нийслэл дүүргийн статистикийн хэлтсийн статистикчид, статистикийн тэргүүний мэдээлэгч байгууллагууд болох Ус сувгын удирдах газар, Төмөр замын удирдах газар, Говь ХК, Мобиком ХХК болон МУИС, МУБИС, ХААИС-ийн статистикийн ангийн оюутнууд, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо. Өдөрлөгийн үеэр аймгийн статистикийн хэлтсийн дарга нар мэндчилгээ ирүүлсэн байна.